Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа П.Очбадрах мэдээлэхдээ “Олон нийтийн сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.4.1-т зааснаар нэр бүхий иргэдийн иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гэмт хэргийн гомдол мэдээлэл ЦЕГ-т ирсэн. Мөрдөн байцаах албаны хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн Э нь Telegram, Viber апп ашиглаж, "Hero9911", “ubro” “brunobro" гэх хаягуудтай харилцаж, улстөрийн өндөр албан тушаалтнуудын зураг, бичлэг, дуу дүрсний эвлүүлэг хийн бэлтгэж, зохион байгуулалттайгаар олон нийтэд тараасан. Улмаар харлуулах, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байсан нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд иргэн “Э”-д холбогдуулан худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх нэр бүхий этгээдүүд нь зориудаар худал мэдээлэл тараасан тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг эдлэхдээ Үндэсний Аюулгүй Байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна” гэлээ.





