Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн Баян-Агт суманд намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг өрнөлөө.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга Б.Мөнхсайхан, аймгийн намын хорооны дэд дарга Т.Баярбат нар оролцож, гишүүд, иргэдтэй нээлттэй санал бодлоо солилцов.
Энэ үеэр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн стратеги, “Чөлөөлье” санаачилга, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Enam 3.0 платформын талаар мэдээлэл хүргэж, төр, намын бодлого, шийдвэрийг гишүүд, иргэдэд танилцуулан, орон нутгийн тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсон ажиллав.
ИТХ-ын төлөөлөгч Н.Батмагнай: Багийн Иргэдийн нийтийн хуралд тухайн нутагт байнга оршин суудаггүй, оролцоо багатай хүмүүс төлөөлөгчөөр ажиллаж буй асуудалд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Нэгжийн тухай хуульд бодит нөхцөл байдалд нийцсэн өөрчлөлт хийх, төлөөлөгчдөд хариуцлагын тогтолцоог бий болгох, хууль удаа дараа зөрчсөн тохиолдолд эргүүлэн татах зохицуулалт хэрэгтэй байгааг дурдав. Мөн боловсролын салбарын асуудлыг хөндөн, ерөнхий боловсролын сургуулийг төгсөж буй зарим сурагч мэдээллийн технологийн суурь чадвар хангалтгүй байгаа тул мэдээлэл зүйн кабинет, сургалтын орчныг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.

Шарга багийн намын үүрийн дарга Б.Бямбажав: Хөдөө орон нутагт мөрдөгдөж буй зарим хууль, эрх зүйн зохицуулалтыг тухайн орон нутгийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатайг онцлон тэмдэглэв. Түүнчлэн намын гишүүд, албан тушаалтнууд ажлаа ёс зүйтэй гүйцэтгэдэг байх, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай талаар санал хэллээ.





