• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Г.Дамдинням: Олон жилийн туршид үргэлжилсэн том төслүүд урагшилж эхэллээ

Г.Дамдинням: Олон жилийн туршид үргэлжилсэн том төслүүд урагшилж эхэллээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдэл хийлээ.

  Түүний мэдэгдлээс Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт амжилттай дүгнэгдэж, дараагийн шатанд шилжсэн байна. Уг төслийн хүрээнд олон улсын нээлттэй тендер зарлагдаж, мэдээллийг дипломат суурин болон олон улсын мэргэжлийн платформуудаар дамжуулан өргөнөөр тараасан. Нэг сар орчим хугацаанд таван компани аж ахуйн нэгж төслийг сонирхсон бөгөөд хоёр аж ахуйн нэгж шалгарч үлдэж, тэдгээрт хураангуй жагсаалтад орсныг баталгаажуулж урилга хүргүүлэх шийдвэр гарчээ. Цаашид нэг сарын дотор компаниуд төслийн дэлгэрэнгүй санал ирүүлэх бөгөөд эцсийн үнэлгээний дараа шалгарсан нэг оролцогч компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах төслийн асуудлыг эцсийн байдлаар ярилцаад Засгийн газраар оруулсны дараа УИХ-аар танилцуулах чиглэл авсан болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: “Гангийн төсөл бол Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, байгалийн баялгаа түүхийгээр нь олборлоод шууд экспортлохгүйгээр дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулах чадвартай болох Монгол Улсын томоохон төсөл болно. Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ялагч тодорсон бөгөөд Засгийн газрын хэлэлцээр үргэлжилсээр байна. Мөн хөнгөн цагааны аж үйлдвэрийн төсөлд шаардлагатай газрыг тусгай хэрэгцээнд авах болон зөвшөөрлийг олгох бусад асуудлуудыг шийдэж байгаа. Алт боловсруулах үйлдвэрийн хувьд сонирхогч талуудтай хэлэлцээр хийгдсээр байна. Тун удахгүй олон нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруулалтын явц, үр дүнг танилцуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа. Манай Засгийн газар олон жилийн туршид үргэлжилсэн том төслүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрийн төслүүдийг урагшлуулж буй талаар та бүхэндээ дуулгая"  хэмээлээ.