Нийтийн тээврээр зорчиж явахдаа чухал бичиг баримт, эд зүйлс бүхий цүнхээ гээсэн ахмад настны хэрэгслийг холбогдох байгууллагуудын шуурхай зохицуулалт, өгөгдлийн сангийн тусламжтайгаар 1 цаг 30 минутын дотор бүрэн бүтэн олж хүлээлгэн өгсөн байна.
Уг иргэн сувилалд явахаар бэлтгэж, өрхийн эмнэлэг болон хорооноос авсан чухал бичиг баримтуудаа цүнхэндээ хийж явахдаа автобусанд мартаж буужээ.
Олдохгүй байх эрсдэлийг цахим картын дугаар шийдэв
Ар гэрийнхэн нь Нийтийн тээврийн бодлогын газрын лавлах утас руу залгаж тусламж хүссэнээр, зорчигчийн цахим картын дугаараар дамжуулан автобусны чиглэл, цагийг тодорхойлох боломжтойг мэдсэн байна. Гэвч ахмад настны автобусны карт нь цүнхтэйгээ хамт гээгдсэн байв.
Үүний дараа иргэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн лавлах руу холбогджээ. Тус төвийн операторууд хувь хүний нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын журмаа баримтлан ажилласан бөгөөд ар гэрийнхэн нь ахмад настны биеийн байдал, сандарсан нөхцөл байдлыг уламжлан тайлбарласнаар, мэдээллийг тулган баталгаажуулж, картын серийн дугаарыг шүүн өгсөн байна.
Эргээд Нийтийн тээврийн бодлогын газартай холбогдож тухайн картын зорчилтын түүхийг шүүлгэснээр, хамгийн сүүлд суусан хоёр автобусны дугаар болон харьяалагдах баазын мэдээллийг гаргаж авчээ. Улмаар холбогдох баазаас жолоочийн утсыг авч холбогдоход, М:4 (11-012) чиглэлийн автобусны жолооч цүнхийг олж, журамлан хадгалж байсан нь тодорхой болсон байна. Иргэн Баянбүрд орчмоос жолоочтой уулзан, ээжийнхээ цүнхийг бүрэн бүтэн хүлээж авчээ.
Иргэний сэтгэгдэл: "Ахмад настны автобусны цахим карт ямар чухал давуу талтайг өнөөдөр бодитоор мэдэрлээ. Хэрэв цахим карт байгаагүй, эсвэл картаа уншуулалгүй зорчсон бол цүнхийг ингэж богино хугацаанд олох боломжгүй байсан. Мөн манай Монголчууд бусдын гээсэн эд зүйлсийг дур мэдэн авалгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг зөв хандлагатай болсонд маш их баярлаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Иргэдийн зүгээс дата мэдээллийг шуурхай шүүж, сэтгэл гаргаж ажилласан Нийтийн тээврийн бодлогын газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн операторууд болон журамт үүргээ биелүүлсэн автобусны жолоочид нийгмийн сүлжээгээр дамжуулан талархал илэрхийлээд байна.





