Өчигдөр хоёр хүн усанд осолдож амиа алджээ

Өчигдөр улсын хэмжээнд хоёр усны осол бүртгэгдлээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн /эмэгтэй/ усанд живсэн гэх дуудлагыг 19:00 цагт Онцгой байдлын аврагчид хүлээн авчээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, нас барсан байсныг олж голын уснаас гаргажээ. Улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгөөд байна. 
Түүнчлэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайд "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч буюу амиа алдсан иргэн олдсон тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг ажиллан голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгчээ.