• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар ахиу цас орж, цасны зузаан нэмэгдэнэ

Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар ахиу цас орж, цасны зузаан нэмэгдэнэ

 
Агаарын дундаж температур 2026 оны нэгдүгээр сард Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас (ОЖД) дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байгаа бол гуравдугаар сард агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гарчээ. 
Агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хэмжээ нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
 
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.