• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Үйлдвэрийн агуулахад хөглөрч буй сурагчдын гарт очоогүй 54,400 багц сурах бичиг

Үйлдвэрийн агуулахад хөглөрч буй сурагчдын гарт очоогүй 54,400 багц сурах бичиг

Өнөөдрийн байдлаар Aplus.mn сайтаар дамжуулж 16,500 сурагч түрээсийн сурах бичиг авах захиалгаа өгчээ. Тус сурах бичгийн 10-р сарын 10-нд хүргэнэ гэж мэдэгдсэн. Гэвч сурагчдын гарт тухайн түрээсийн сурах бичгүүд хүргэгдээгүй. Хэвлэгдсэн сурах бичгүүд үйлдвэрийн агуулахад хөглөрч, хүргэлт хариуцсан Боловсролын яам болон БЕГ-ын мэргэжилтнүүд ажлын байран дээрээ эзгүй байна.

105-р сургуулийн сурагчид:

- Сурах бичгээ аваагүй

- Би нэгхэн номтой.

- 100-аас 70 хувь нь аваад 30 хувь нь ганц, хоёрхон номтой л байгаа даа.

- Ном нь дутаад сурах бичгээ авч чадаагүй. Утсаараа сурах бичгээ хараад гэрийн даалгавраа хийхэд гар чилэх, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр хүндрэлтэй байдаг гэж сурагчид ярилаа.

Бид СХД-ийн 105-р сургуулийн номын санчаас номын хүрэлцээ хангамжийн талаар тодруулахад “Нэмэлт түрээсийн ном 10 сард ирж тараагдана гэсэн мэдээлэл байна. Одоохондоо ирээгүй байна” гэв.

Бид түрээсийн сурах бичгийн захиалга авч буй “Aplus.mn” сайтыг ажиллуулдаг  компаниас тайлбар авахаар тус газрыг зорилоо.

“Эй Плас Интернейшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гончигсумлаа:

“Манай байгууллага түрээсийн сурах бичиг авах системийн үйлчилгээг сургууль, яам хоёрын хооронд дунд нь холбож өгсөн. 

Бид технологиор дамжуулаад бүх төрлийн боломжийн шийдлийг л санал болгож байгаа. Бид зөвхөн системээр хангаж ажилласан гэсэн үг.

Гэхдээ түрээсийн сурах бичгийн хүргэлт хойшлоод байгаа бол захиалга өгсөн 16,500 хүүхдийн сурах бичгийг хүргэх ажлыг бид зохион байгуулах боломжтой гэдэг хүсэлтийг гурван удаа Боловсролын яаманд өгсөн. Учир нь эцэг эхчүүд манай байгууллага руу залгаж түрээсийн сурах бичиг хэзээ ирэх вэ гэж их асуудаг. Бид Боловсролын яамнаас хариу хүсэхээр хуулийн хугацаанд хариулна гэдэг. Яаман дээр эс үйлдэхүй хийгээд байгаа юм уу, энэ олон хүүхдийн асуудал байгаа гэдгийг ойлгохгүй байгаа юм уу, ийм нөхцөл байдалтай байна” гэв.

“Aplus.mn”-ийн зүгээс худалдааны сурах бичгийн захиалгыг хүлээн авч, хүргэж үйлчилж байгаа. Харин түрээсийн сурах бичгийн хувьд зөвхөн өөрсдийн системээр хангаж ажиллажээ. Тус системд 16,500 хүүхдийн түрээсийн сурах бичгийн захиалга үүссэнийг Боловсролын яаманд хүлээлгэн өгчээ. Учир нь түрээсийн номыг сурагчдад хүргэх түгээлтийн ажлыг яам болон БЕГ хариуцан зохион байгуулах ёстой гэлээ. Харин APLUS.mn-ий зүгээс түрээсийн сурах бичиг хүргэлтийн талаар зохицуулалт журам байхгүй бол бид хүргэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой гэсэн албан бичгийг 3 удаа өгсөн ч хариу өгөлгүй өдийг хүрчээ. 

Бид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулах гэсэн боловч тэрээр “Сурах бичиг хариуцсан албан тушаалтнаас ав” гэсэн хариуг өглөө.

Тиймээс бид холбогдох албаныханаас мэдээлэл авахаар Боловсролын яам болон БЕГ-ыг зорилоо.

Гэвч Боловсролын яамны Төрийн Нарийн бичгийн дарга Х.Батжаргал Герман руу, БЕГ-ын дарга Ням-Очир Хорват руу явсан байв.

Тиймээс Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяраас энэ талаар тодруулах гэсэн боловч эмнэлэгт хэвтжээ. Харин тэрээр сурах бичиг хариуцсан мэргэжилтэн н.Цэцгээгээс мэдээлэл тодруулаарай гэв.

Бид н.Цэцгээ гэх мэргэжилтэнтэй уулзахаар очиход эхний өдрөө ажлын байран дээрээ эзгүй байв.  Хоёр дахь өдрөө очиход “Мэдээллээ тодруулж байгаад өдөр өгье. 14 цагаас хүрээд ир” гэсэн боловч биднийг өдөр дахин очиход “Бие өвдсөн” гэх шалтгаанаар ажлаа орхин явсан байв.

Энэ жил 54,400 багц түрээсийн сурах бичгийг хэвлэлийн 4 компаниар дамжуулж хэвлэжээ. Үүнд “УБ Принт”, “Адмон”, “Бит Пресс” зэрэг компаниуд хэвлэжээ. Тус компаниудын нэг болох “УБ Принт” агуулахад хэвлэсэн сурах бичгүүд өрөөстэй байгаа дүр зургийг та бүхэн харж байна.  Тэдний зүгээс заасан хугацаанд сурах бичгүүдээ хэвлэжээ. Хүлээлгэн өгөх бичгээ БЕГ руу явуулсан. Гэвч БЕГ хүлээж авч, тараах үйл явц хийгдэхгүй байна гэсэн мэдээлэл өглөө.

Бид хэвлэгдсэн номнууд агуулахдаа хөглөрсөн, хариуцсан албаны хүмүүс нь ажлын байран дээрээ эзгүй долоо хоногийн үдэв (2025.10.13-10.17).

Дараагийн долоо хоногт бид дахин энэ талаар эргэн сурвалжиллаа.

Хүргэлтийн үйл ажиллагааг Боловсролын яам болон БЕГ зохион байгуулах ёстой байсан ч хүргэлтийн тендерийн маргаанаас болж хойшилжээ. Өнгөрсөн 7 хоногт гадаад явж, ажлын байран дээрээ эзгүй байсан Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалаас бид түрээсийн сурах бичгийн хүргэлтийн талаар тодрууллаа. Тэрээр

“Тендер дээр гомдол маргаан гарснаас болж дахин үнэлэх шаардлага үүссэнээс хугацаа алдсан. Хэвлэгдээд бэлэн болчихсон байгаа сурах бичгийг үйлдвэр дээрээс сургуулиуд шууд авах энэ зохицуулалтыг яаралтай хийх чиглэлгийг БЕГ-т хүргэж байгаа” гэв.

БЕГ-ын дарга Т.Ням-Очир мөн өнгөрсөн долоо хоногт Хорват улс руу ажлын томилолтоор явсан байсан. Түүнийг орлож байсан хүмүүсээс мэдээлэл авахаар БЕГ-т 3 удаа очсон боловч мэдээлэл авч чадалгүй буцсан байдаг. Харин өнөөдөр түүнээс өөрөөс нь түрээсийн сурах бичиг хэзээ сургуулиудад хүргэгдэх талаар тодрууллаа.

БЕГ-ын дарга Т.Ням-Очир:

“Өнөөдрөөс эхлээд түгээлтийн ажлын зохион байгуулалт эхэлж байна. Ирэх долоо хоног гэхэд түгээж дууссан байхаар бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Өрсөлдөгч компаниудийн тендерийн маргаан, түүнийг хянан шийдвэрлэсний дараа өгсөн чиглэлийн дагуу дахин үнэлэх, үнэлсэний дагуу гэрээ байгуулах зэрэг процессуудад тодорхой хугацаа алдсан. Энэ бол цэвэр төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал гэж харж байгаа” гэсэн хариултыг өглөө. 

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 онд батлагдсан. Энэ хуулийн

         11.7-д: “Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно”

 гэж заажээ. Нэг үгээр хэлбэл төлбөртэй сурах бичиг гэх ойлголт бий болсон. Гэвч яам төлбөртэй ашиглах сурах бичигт журмын шинэчлэл хийгээгүй бөгөөд шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан хүлээн зөвшөөрч байна.

         Энэ талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал:

“Энэ бүхнийг зохицуулсан хүчин төгөлдөр журам бол байгаа юм. Гэхдээ тэрийгээ илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа” гэлээ.

         Харин БЕГ-ын дарга Т.Ням-Очир:

“Тэнд байгаа сургуульд сурах бичиг дутагдахад энд байгаа сайд, салбарын яам, энд байгаа хүмүүс хариуцлага хүлээх бус, сургуульд хэрэгцээтэй байгаа сурах бичгийг сургуулийн удирдлага нь захиалдаг, түүнийх нь дагуу эрх бүхий байгууллага нийлүүлдэг. Сурах бичиггүй байгаа шалтгааныг сургууль дээрээ шийддэг байх бодлогын шийдэл хэрэгтэй байна.

Сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх процессоо бид яаж шийдэх юм гэдэг тогтолцооны асуудлаа шинээр олж харах хэрэгцээ шаардлага үүссэн гэж харж байна” гэв.

Ийнхүү бидний хөндсөн түрээсийн сурах бичгийн хүргэлтийн асуудал үр дүнд хүрч ирэх 7 хоногт багтаан хэвлэлийн үйлдвэрийн агуулахад байгаа сурах бичгүүд сурагчдийн гарт хүргэгдэхээр боллоо.