• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, давуу эрх олгодгийг зогсоох нийтийн өргөдөл санаачилжээ

Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, давуу эрх олгодгийг зогсоох нийтийн өргөдөл санаачилжээ

Өргөдөл гаргагч А.Пүрэврагчаа уг өргөдлийг 11-р сарын 6-ны өдөр санаачилж, одоогоор 44 хүн гарын үсэг зураад байна. Тэрбээр, "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна" гэжээ.

Та уг линкээр орж өргөдөлд нэгдэх боломжтой. https://petition.parliament.mn/Detail?id=dba0759b-73dc-431f-8675-2192486db939

Өргөдөлд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Энэхүү зарчим бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл иргэдэд цагаа үрэх, орлого алдах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдах, онцгой тохиолдолд амь насанд аюул учруулж болзошгүй хэмжээний ноцтой түвшинд хүрсэн. Гэтэл улсын өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө түгжрэлд саатахгүй байх нөхцлийг тээврийн цагдаагийн тусгай хамгаалалт, зохицуулалтаар шийдүүлж, бусад иргэдийг зам дээр түгжрэн хохирох байдалд үлдээж байна. Энэ нь шударга ёс, ардчилал, иргэний эрх тэгш байдлыг илт зөрчиж байна. Иймд дараах эрх зүйн зохицуулалтыг хуульчлан хэрэгжүүлэхийг шаардаж байна: 1. Төрийн өндөр албан тушаалтнуудын зам хаалт, тусгай зохицуулалт зөвхөн улс орны аюулгүй байдал, гадаад улсын төрийн зочин албаны айлчлал, онцгой байдал, гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны тусгай нөхцөлд л хязгаарлагдан хэрэглэгдэх. 2. Өдөр тутмын жирийн хөдөлгөөнд төрийн албан тушаалтнуудад ямар нэг тусгай замын давуу эрх олгохыг хориглох. 3. Ил тод байдал бий болгож, зам хаасан шалтгаан, үндэслэл бүрийг нийтэд нээлттэй мэдээлдэг байх. Энэхүү өөрчлөлт нь нийгэмд шударга ёс тогтоох, төр иргэдийн өмнө тэгш байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх бодит алхам болно гэж үзэж байна.

 

https://petition.parliament.mn/Detail?id=dba0759b-73dc-431f-8675-2192486db939&fbclid=IwY2xjawOHlWxleHRuA2FlbQIxMABicmlkETFaSnFBakxXMnlRQlZRVEhRc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MghjYWxsc2l0ZQEyAAEemtQW4_ioHeRGtu8eIMs-e7qXw8raY3cUFAIq25TEIpuoxoFAAIUPd9QdcgE_aem_xpOZXmyJNjArI3n6WLoayg