• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Д.Батхэлхээ хашаандаа усан оргилуур, саун зэргийг байгуулан ая тухтай амьдарч байна

Д.Батхэлхээ хашаандаа усан оргилуур, саун зэргийг байгуулан ая тухтай амьдарч байна

Д.Батхэлхээ 10 гаруй жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Өмнө нь хотын төвд орон сууцанд амьдардаг байсан бол цэвэр агаарт амьдрах сонголтыг хийн ийнхүү шувуун фабрик буюу ХУД-ийн 13-р хороонд хоёр айлын газар авч аятай тухтай амьдарч байна. Д.Батхэлхээ хашаандаа бассейн, усан оргилуур, теннисний талбай зэргийг өөрийн гараар барьж, байгуулжээ.

Д.Батхэлхээ ОХУ-д сургуульд сурч төгссөн учраас youtube-д байх орос хэл дээрх бичлэгийг үзэн, энэ өвөл хашаандаа саун ч мөн бариад байгаа юм. Түүний хувьд хотод байртай эхнэр хүүхдүүд нь амьдардаг ч тэрээр агаарын бохирдол зэргээс шалтгаалан шувуун фабриктаа амьдардаг гэдгийг хэллээ. Хашаан доторх явган хүний  замынхаа хоёр талаар төрөл бүрийн цэцгийг тарьж, ургуулдаг. Урин дулааны үед энэ бүх цэцэг, мод нь ургахад хашаанд нь өнгө үзэмж нэмж сайхан байдаг байна. Мөн тэрбээр эхнэрийн хамт 10 гаруй төрлийн жимсний мод бут тарьж, хүлэмжиндээ 4-5 төрлийн ногоо тарьдаг.  Ийнхүү хашаандаа сайхан амьдарч болдог гэдгийг Д.Батхэлхээ гуайн өөрөөрөө үлгэрлэн харуулж, амьдарч байна. Түүний хувьд эрүүл цэвэр агаарт, өөрийн гараар бүхнийг нь хийж бүтээсэн энэ хашаа, байшиндаа амьдрах дуртай. Харин түүнд хамгийн их хань болдог нөхөр нь бол нохой нь юм. Зарим хүйтэн өдөр Д.Батхэлхээ гуай байшингаасаа гардаггүй. Зөвхөн нохойныхоо хоолыг л өгөх гэж гарч ирэхэд нохой нь хоолоо идэхээсээ илүү эзэндээ эрхлэн байх хамгийн их дуртай байдаг байна.

Залуучуудын хувьд заавал орон сууцанд амьдарч өр зээл тавин, зардал гаргах гэхээс илүү хашаандаа сайхан амьдрах боломж байгааг тэрбээр хэллээ. Хамгийн эхний ээлжинд сайхан хашаа авч, худаг гаргасан байхад аяндаа хашаагаа тохижуулах бүх зүйлсийг өөрийн хүслээр хийх бүрэн боломж байдаг гэлээ. Өөрийн оршин амьдран суугаа газраа сэтгэл ханамжтай сайхан амьдрах боломжийг өөрсдөө бүрдүүлж болохыг залууст Д.Батхэлээ гуай захиж байсан юм.