• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хүчирхийлэл, гэмт хэргийг тасралтгүй мэдээлэх нь түрэмгийллийн загвар болж болзошгүй

Хүчирхийлэл, гэмт хэргийг тасралтгүй мэдээлэх нь түрэмгийллийн загвар болж болзошгүй

 

Сүүлийн өдрүүдэд нийгмийг цочирдуулсан гэмт хэргийн шүүх хурлууд үргэлжилж байна. Нийгмийг сэрдхийлгэсэн хэргүүд гарч, олон нийтийн цахим сүлжээгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж байна. Бид өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй ямар байгаа талаар МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Г.Галсанжамцтай ярилцлаа. 

-       - Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн нөхцөл байдал ямар байна гэж та мэргэжлийн сэтгэл зүйчийн үүднээс харж байна вэ? 

-       - Нийгмийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх хэд хэдэн индикатор бий. Тухайлбал, иргэдийн амьдралын сэтгэл ханамж, аюулгүй байдлын мэдрэмж, нийгмийн итгэлцэл, ирээдүйн хүлээлт хийгээд төсөөлөл, ирээдүйд итгэх итгэл, стресс, түгшүүрийн түвшин, сэтгэл хөдлөлийн төлөв, нийгмийн оролцоо ба идэвх, хувь хүний амьдралдаа өгч буй үнэлгээ буюу сэтгэл ханамж, аз жаргалын мэдрэмж зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж болох юм. Энэ чиглэлийн аргачлалууд ч бий. Жишээ нь, иргэд Төрдөө итгэж байна уу? Төрд итгэх олон нийтийн хандлага ямар байна вэ? гэдэг асуултад хариулаад үзэх хэрэгтэй.

2023 онд Үндэсний статистикийн хорооноос хийсэн нэгэн судалгаа бий. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийн суурь түвшинг тодорхойлж хийсэн энэ судалгаанд 4000 гаруй насанд хүрэгчид хамрагдсаны 51% төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдоггүй, саналаа тусгадагггүй гэж хариулсан. Монголчуудын улс төрийн институцид итгэх байдал хугацааны хувьд буурч байгаа гэсэн зураглал ажиглагдаж байна. Энэ нь төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Мөн үүнийг улс төрийн сонгуулийн ирцийн байдлаас харж болно.

Иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог яаж үнэлж болох вэ гэхээр сонгуульд оролцсон эсэх, улмаар нийгмийн хөдөлгөөн, сайн дурын ажилд оролцсон байдлыг авч үздэг. Бид төрд итгэх итгэл алдарч, жагсаж, цуглаж байгаа нь түүнийг өөрчлөх гэсэн олон нийтийн хандлага гэж үзэх хэрэгтэй.

Түүнчлэн Дэлхийн аз жаргалын индексийн үзүүлэлтээр манай улс 60 дугаар байранд байх жишээтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдарч байна уу гэвэл, ялангуяа хүн ам ихтэй нийслэл, төв газрууд хүндрэл, бэрхшээл ихтэй байна. Иргэдийн стрессийн түвшин дунджаас их, 2025 онд EOWORLD сэтгүүлээс гаргасан судалгаагаар Монгол Улс 197 орноос 106-р байрт орсон байна. Ард иргэдийн стресст нөлөөлж байгаа хүчин зүйлсэд эдийн засгийн дарамт, орлогын тэгш бус байдал нөлөөлж байна. Аюулгүй орчинд амьдрах итгэл буурсан байж болзошгүй дүр зураг харагдаж байна. Энэ нь олон нийтийн цочроосон гэмт хэрэг, авлига зэрэг нь иргэдийн итгэлцлийг бууруулж, стрессийг нэмэгдүүлж байна.

-      -  Сүүлийн өдрүүдэд нийгмийг сэрдхийлгэсэн гэмт хэргийн шүүх хурал үргэлжилж, мэдээ мэдээлэл өргөн тархаж байна. Гэмт хэргийн мэдээ мэдээллийг түгээхдээ хэргийн процессыг нарийвчлан түгээх нь иргэдийн сэтгэл зүйд ямар нөлөөтэй вэ?

-       - Тийм ээ, Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд янз бүрийн мэдээллүүд, тэр дундаа ойрын үед нийгмийн цочроосон гэмт хэргийн мэдээллүүд, түүнийг шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллүүд зэрэгцэн гарч байна.

Олны анхаарлыг татсан үйл явдлын дараа олон нийт яагаад ийм үйл явдал болов? гэдгийг тал бүрээс нь хэлэлцэж эхэлдэг. Хоорондоо уулзхаараа, цайны цагаараа, ер нь ярих сэдэв тэр болж байгааг та бүхэн анзаардаг байх.  

 Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд энэ төрлийн мэдээлэл, ялангуяа хүчирхийлэл, гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй байдлаар, бүр үйл явц бүрийг мэдээлж, харуулах нь түрэмгийллийн загвар мөн. Бусдын түрэмгий зан үйлийг нэмэгдүүлэх, хүчирхийлэл үйлдэж болзошгүй зан үйлээ барих, сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг бууруулах, түрэмгийллийг мэдрэх мэдрэмжийг багасгах, унтраах, улмаар ийм сөрөг үйлдэл дээр тулгуурласан нийгмийн зан үйлийн дүр төрх бүрэлдэн хэлбэршихэд нөлөөлж болзошгүй гэж үздэг. Хүний өчүүхэн муу үйлдэл ёс суртахууны мэдрэмжийг бууруулдаг.

 Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл түрэмгийлэл нь нийгэмд байдаг, байж болох үзэгдэл мэтээр хандах хандлагыг бий болгож болно. Энэ талаар “Хагархай цонхны онол” ч гэж бий. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдэд даган дуурайх зан үйлийн загварчлал ч болж болзошгүй. Сэтгэл судлаачид хэвийн бус зүйлийг “хэвийн” гэж үзэж байгааг сэтгэлгээний гажуудал гэж тайлбарладаг. Танин мэдэхүйн зөрчилдөөний онолоор ч тэр хүн сөрөг зан үйл, өөрт тааламжгүй байдлаа далдалж, багасгахын тулд өөрсдийн үйлдлээ ямагт зөвтгөж байдаг. Девиант зан үйл дэмжигдэж, хамгаалагдахын хэрээр нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлнэ.  

Тиймээс энэ төрлийн мэдээллийг түгээхгүй, түгээж буй тохиолдолд мэдээллийн хяналтыг бий болгох хэрэгтэй. Харамсалтай нь олон нийтийн хандалт авахын тулд хүний сэрэхүй, хүртэхүйд хамгийн түргэн хүрч болох агуулга, гарчигтай мэдээллийг түгээж байгаа нь иргэдэд мэдээллийг хурдан хүргэх, богино хугацааны ойд сануулах, өдөржин тэр мэдээллээр тархи цэнэглэж, мэдээлэл нь хадгалах үзэгдлийг даамжруулсаар байна. Цахим орчин бол мэдээллийн хяналтгүй урсгал. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд өөрийн гэсэн “би” нь бий болж эхэлж байдаг. Хүмүүсийг даган дуурайх загварчлал, зан үйлийн адилтгал бий болж байдаг учир анхаарах ёстой. Бид нийгэмд бусдыг ажиглах замаар суралцдаг. Магад түүнийгээ зан үйлийн нэг модел болгож үздэг гэж харвал энэ мэдээллүүд тодорхой хэмжээнд нөлөөлж  байгаа

-       - Цахим орчин нийгмийн сэтгэл зүйд ямар нөлөөллийг үзүүлж байна гэж та сэтгэл зүйчийн үүднээс хардаг вэ?

-       - Олон тооны судалгаанаас харж байхад үйл явдлын талаарх урьдчилсан таамаглал, төсөөлөл, өмнө нь авч байсан үнэн, худал мэдээлэл нь аливаа үйл явдлыг хүлээн авах, тайлбарлах чухал нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, бид бодит байдлыг яг бодитойгоор нь үнэлж, хүлээж авдаг уу гэдэг нь асуултын тэмдэг юм. Магадгүй бид, эргэн тойрноо, нийгмийг өөрсдийн хүлээлт, итгэл үнэмшил, хандлага, үнэт зүйлсийнхээ нүдээр л хардаг байж болох юм.

Цахим орчин бол мэдээллийн хяналтгүй урсгал. Хүн өөрийн итгэсэн мэдээллээ ямар нэгэн аргаар зөвтгөх үндэслэлийг олж л байдаг. Тэр бодол тийм ч амархан өөрчлөгдөхгүй. Эрсдэлд дуртай хүмүүс гал сөнөөгч болдог гэдэгт итгэдэг шиг. Гэвч гал сөнөөгч хүнд өөр сэтгэл зүйн болон мэргэжлийн ур чадвар хэрэгтэй.

Бидний ажиглаж байгаа, хүлээн авч байгаа үйл явдал тухайн хүнд сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгох бүрт “баримтыг үгүйсгэх сэтгэхүй” улам хүчтэй үүсдэг. Үүний нэг илрэл нь сошиаль мэдээлэлд “гэнэн” байдлаар итгэх хандлага түгээмэл ажиглагдах юм.

Нэг чухал зүйл нь мэдээлэл өөрөө чухал ч, түүнийг хэн хэлж байгаа нь түүнээсээ ч илүү чухал байдаг. Шүдний оо, эмийг яагаад эмчийн хувцастай хүмүүс хүргэдгийг бодох ёстой. Дараагийн дугаарт мэдээллийн давтамж хийгээд мэдээллийн суваг. Тасралтгүй бүх сайт, хэвлэл мэдээллээр нэг мэдээг өөр өөр талаас нь цацах нь харааны ой, улмаар хүний итгэл үнэмшилд шууд нөлөөлөл үзүүлж эхэлнэ. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээс нийгмийн оюун санааны дүр төрх шалтгаалж байна гэж хэлж болохоор байна.

-       - Нийгмийн сэтгэл зүйг эерэг, зөв тал руу залан чиглүүлэхэд юунд анхаарах шаардлагатай вэ?

-       Хүн төрөлхтөн бол тасралтгүй хөгжих, өөрийн өнөөдрийн хэрэгцээнээсээ илүү рүү тэмүүлдэг инстикттэй, зүй нь бол. Үүнийг ч хөгжил гэж нэрлэдэг болов уу, тэгэхээр тасралтгүй үргэлжлэх хөгжлийн энэ зүй тогтлыг дэмждэг, бий болгож байдаг хоёр чухал зүйл нь төлөвшил хийгээд суралцахуй юм.

Гэвч өнөөгийн нийгэмд ядуу байх, наад захын суурь хэрэгцээгээ хангаж чадахгүй байх зэрэг нь нийгэм даяараа “Хомсдолт амьдралын дүр төрх”-ийг бий болгож байна.  Дутуугийн мэдрэмжтэй, хомсдолт баримжаалалтай хүн “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж үзнэ”, бүр “маргааш гэж болохгүй ч байж мэднэ” гэж байр суурийг баримтална.

Ийм хандлага нь хүмүүсийг шийтгэл, онц ноцтой нөхцөл байдал, өвчин эмгэг, айдас төрүүлэх зүйлс, цаашлаад бусдын тавьж буй шаардлага, өдөр тутмын “саарал” амьдралд зөвхөн хариу үзүүлэгчид болгон хувиргадаг. Улмаар нэгэнт хэвшсэн, хэвийн амьдралын дүр бий болдог учраас аливаа асуудалд нухацтай, олон талаас нь хандахгүйгээр, төвөг багатай боловч тааламжтай зүйл хийх сэдлийг дэмждэг. Өөрчлөгдөн хөгжигч бус, хэвийн цагийн горимтой. Ажилдаа явна, гэртээ ирнэ, хоолоо хийнэ, зурагт үзнэ. Өөрөөр хэлбэл, нэгэн хэвийн байх уйтгартай байдлыг болгохын зэрэгцээ зөвхөн өнөөдрийн хэрэгцээгээ хангаж, болж байна даа гэсэн хандлагаар аз жаргалаа хэмжиж эхэлдэг. Үүнийг “хагас амьд хүмүүс” гэж А.Маслоу тодорхойлсон нь бий.

Тиймээс бид бүтээлч амьдралын хэв маягруу шилжих, мета сэдэлтэй байх шаардлагатай. Энэ бол дэвшин дээшлэх амьдралын дүр төрх. Өөрийгөө идэвхижүүлэгч хүмүүс нийгмийн стресс багатай байдгийг санаж, амьдралын хэв маяг болгож явах ёстой. Хувь хүний дотоод мэдрэмж, сэдлээс бусад хүчин зүйл нь төрийн бодлогод тусч, олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг тогтмол хийж байх шаардлагатай байна.

 - Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн нөхцөл байдлыг мэргэжлийн хүний үүднээс тайлбарлаж, ярилцсанд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье. 

- Баярлалаа, та бүхний ажилд мөн амжилт хүсье.