Нэтфликсийн “Physical Asia” шоу нэвтрүүлэг аравдугаар сарын 28-нд үзэгчдийн хүртээл болсон. Тус шоунд Азийн найман улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд нэг нь Монгол Улсын баг билээ.
“Physical Asia”-д БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин зэрэг улсын найман баг оролцсон. Эдгээрээс Монголын баг шилдэг дөрөвт шалгаран үлдлээ. Тэд одоо финалд шалгарахын төлөө өрсөлдөж байна. Ялагч тодрох сүүлийн гурван дугаар 11-р сарын 18-нд “Netflix” платформоор цацагдана.
Түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнана гэдгийг албан ёсоор зарлаад байгаа билээ. Монгол Улсын багт Улсын арслан Б.Орхонбаяр, ОУХМ О.Адьяасүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, ОУХМ Г.Хандсүрэн, МУГЖ Э.Лхагва-Очир нарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин багтсан.
Netflix-ийн “Physical: Asia” шоу 10-р сарын 28-нд нээлтээ хийснээсээ хойш Азийн орнуудад үзэлтээрээ дээд амжилтууд тогтоожээ. Тухайлбал 11-р сарын 5-ны байдлаар тус нэвтрүүлэг 5.2 сая удаагийн үзэлт авч, Netflix-ийн “Non-English” буюу "англи хэл дээрх бус" ангилалд гуравдугаарт бичигдэж байна. Ингэхдээ нийт 44 улсын шилдэг 10 жагсаалтад багтаж, 8 улсад нэгдүгээр байрт орсон үзүүлэлттэй байна.
"Энэ бол зөвхөн хүч чадал, бие бялдрын тэмцээн биш, улс орны нэр хүндийн төлөөх өрсөлдөөн байх болно. Аль улсын баг эцсийн шатанд үлдэхийг үзэгчид сонирхолтойгоор хүлээж авах нь дамжиггүй" хэмээн Netflix-ийн БНСУ дахь контентын захирал Ю Ки Хван мэдээлэээд байгаа юм.
Энэхүү шоуны хамгийн том онцлог нь дэлхийн хэмжээний тамирчдын оролцоо юм. Монгол Улс энэ төрлийн Олон Улсын шоу тэмцээнд анх удаа баг бүрдүүлэн оролцож байгаа бөгөөд өөрсдийн хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ дэлхий дахинд харуулан өрсөлдөж байна.





