Чингэлтэй дүүрэгт энэ сарын 3-нд 56 настай эмэгтэй гэртээ угаартсан байдалтайгаар амиа алджээ. Тухайн эмэгтэй 16 настай охинтойгоо байсан бөгөөд охин нь ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн сэргэсэн ч, MRI аппарат байхгүй гэх шалтгаанаар өөр эмнэлэг рүү хүргэгдэж байх үедээ амиа алджээ. Энэ талаар 25-р суваг телевизийн сэтгүүлч Г.Туул хэлэхдээ “Манай тeлeвизэд олон жил хамт ажилласан хөдөлмөрч, сайхан эгч минь, дөнгөж 16 нас хүрсэн охиныхоо хамт угаартаж амиа алдлаа. Их л хариуцлагатай, сэргэлэн, сайн хүн байсан юмсан. Галаа яаж зөв түлэхийг хүмүүст заах хэмжээний хашир хүн байсан. Хөөрхөн охин нь Эх нялхасын сэхээнд ухаан орж сэргэсэн ч имрай аппарат байхгүй гээд өөр улсын эмнэлэг рүү зөөж харуулах явцад өчигдөр үдээс хойш амьсгал хураасан байна. Улсдаа цор ганц хүүхдийн эмнэлэг нь имрай аппарат байхгүй гээд хэчнээн хүүхэд аврагдах боломжгүй өнгөрч байгаа бол? Төсөв мөнгө, сандал суудал гэж хэрэлдэж суугаа төрийн түшээд улс орон, ард иргэдээ бодох сэхээ алга!!!” гэж мэдээллээ.
ЦЕГ-аас тодруулахад тухайн хэрэг 10-р сарын 3-ны өдөр бүртгэгдсэн. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн бөгөөд ЧД-ийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн. Угаарын хийнд хордож амиа алдсан эсэх дүгнэлт хараахан гараагүй, шалгагдаж байгаа гэв.





