Өнгөрсөн өдрүүдэд Баян-Өлгий аймгийн 6 суманд 1 мм, Булган аймгийн 8 суманд 3 мм, Дархан-Уул аймгийн 3 суманд 0.5 мм, Завхан аймгийн 8 суманд 2 мм, Орхон аймгийн 2 суманд 0,7 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 0.2-0.3 мм, Увс аймгийн 14 суманд 3 мм, Хөвсгөл аймгийн 23 суманд 5-9 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдрийн хувьд ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, 0...+2 градус дулаан байна.
Цаг агаарын төлөв байдлыг танилцуулбал, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -24...-29 градус хүйтэн, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +3...-2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.





