Швейцарын цанын баазад гал гарсны улмаас 40 хүн амиа алджээ

Швейцарын өмнөд хэсэгт оршдог цанын баазын бааранд гал түймэр гарсны улмаас шинэ жилийн баяр тэмдэглэж байсан 40 орчим хүн амиа алдаж, 115 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн ихэнх нь гүн түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгааг эмнэлгийн албаныхан мэдээллээ.

Тус Швейцарын баруун өмнөд нутагт орших Кран-Монтана цанын баазын “Le Constellation” гэх бааранд пүрэв гарагт шилжих шөнө 1:30 минутын үед гал гарчээ. Галд өртсөн хүмүүсийг тээвэрлэхээр 10 нисдэг тэрэг, түргэн тусламжийн 40 машин ажиллаж байгаа бөгөөд аврах ажиллагаанд 150 гаруй эмч нар, аврагчид оролцож байгаа тухай Швейцарын албаны хүмүүс мэдээллээ. Ойролцоох Вале муж улсын /кантон/ эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг галд нэрвэгдсэн хүмүүсээр дүүрэн байна. Орон нутгийн эмнэлгийн хүчин чадал хүрэхгүй байгаа тул зарим хохирогчийг Лозанн, Цюрих зэрэг бусад хотуудын эмнэлэгт хүргэжээ.

Урьдчилсан мэдээллээр, пиротехникийн хэрэгслийг /салют/ буудуулах үед гал дэгдсэн байх магадлалтай, гэхдээ эцсийн дүгнэлтийг хийхэд эрт байна гэж Вале кантоны Ерөнхий прокурор Беатрис Пиллуд мэдэгдээд, үүнийг террорист халдлага хэмээн үзэх үндэслэл алга байна гэв.  

Ойрын өдрүүдийн гол ажил нас барагсдын цогцсыг яаралтай таниулж, ар гэрийнхэнд нь буцааж өгөх болохыг орон нутгийн цагдаагийн ахлагч Фредерик Гислер мэдэгджээ.

Хохирогчдын дунд олон орны иргэд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Францын гадаад хэргийн яам найман иргэн нь сураггүй алга болсон, амиа алдсан хүмүүсийн дунд тэдний зарим байх магадлалтайг мэдэгджээ. Швейцарын ерөнхийлөгч Гай Пармелин уг гамшгийг “манай улсын түүхэнд тохиосон хамгийн эмгэнэлт явдлуудын нэг” гэж тодорхойлсон байна.