Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцийн талаарх мэдээллийг сонслоо.
Тодруулбал, тус төсөл нь БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна.
ГТБҮ-ийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байгааг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Хоёр улсын ЗГ хоорондын гэрээний дагуу тус үйлдвэр 2028 онд ашиглалтад орох хэдий ч Засгийн газар болон АҮЭБЯ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсний үндсэн дээр 2027 оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Уулзлатын үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний хямралын үед бид 95 хувь ОХУ-аас, БНХАУ-аас 5 хувийн хамааралтай буюу энэ салбар 100 хувь гаднаас хамааралтай байна.
Эндээс гарах гарц бол дотоодын нефтийн үйлдвэр. Иймд энэ жил бүрэн дуусч, ашиглалтад орсноор манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангадаг болно. Түүхий эдийн асуудлыг манай яам ярилцаж байна. Удахгүй “Петрочайна”-тай хэлэлцээр хийгээд ойрын үед шийдэл гарна” хэмээн онцоллоо.





