Эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж ₮3,5 сая хүргэх тохиролцоонд хүрчээ
Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын төлөөлөл өнгөрсөн аравдугаар сараас эхлэн ажилчдын үндсэн цалинг 3.5 сая болгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Талууд хэлэлцээрт хүрээгүйн улмаас эмч ажилчид 10-р сарын 13-наас ажил хаялт эхлүүлэх шийдвэрт хүрээд байсан юм. Засгийн Газрын зүгээс эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломж байгааг хэлж байв. Харин эмч, эмнэлгийн ажилчдын хувьд тус нэмэгдэл нь хангалтгүй хэмээн талууд зөвшилцөлд хүрч чадаагүй байсан юм.
Харин энэ сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүү Мэндийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөлтэй уулзалт хийсэн. Гурван талт хамтын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт талууд өчигдөр гарын үсэг зуржээ. Ингэснээр эмч, ажилчид ажил хаялтад хүрэлгүйгээр тэмцэл нь үр дүнд хүрээд байна.
Хэлэлцээрийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцжээ. Үүнд:
Ø 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувь
Ø 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувь
Ø 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувь
Ø 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувь
Ø 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувь
Ø 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувь
Ийнхүү үндсэн цалинг зургаан үе шаттайгаар нэмэгдүүлж, 2027 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үндсэн цалинг 3.5 төгрөгт хүргэхээ амлалаа.
2026 оны төсвийн урсгал зардлаас 191 тэрбум төгрөг танаж, эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг 2026 онд багтаан гурван сая төгрөгт хүргэж, дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ийнхүү хэлэлцээрийн үр дүнд нэг жилийн дотор эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр болсон нь Эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал хэмээн Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцоллоо.





