Н.Дамдиндорж өмнө нь архинаас гарахын тулд лам, бөөгөөр явж өт түүлгэх эмчилгээг хүртэл хийлгэж байсан ч үр дүн гараагүй байна. СЭМҮТ-ийн “Өөртөө туслах бүлэг” байдаг гэдгийг охин нь хэлснээр анх удаа очиж байжээ. Ийнхүү анх очих үед нь хүмүүс цуглан ярилцлага хийж байхад нь орсноор “энэ л миний байх газар мөн байна” гэснээр тус бүлэгт нэгджээ. Түүний хувьд энэ бүлэгт нэгдсэнээр өөрийгөө дахин төрсөн гэдгийг хэллээ. Учир нь энд ирснээр Н.Дамдиндоржийн хувьд хэн нэгэнд худлаа ярихаа больж өөртөө үнэнч болж, өөрийгөө хайрлах болсон, хамгийн гол нь хайртай дотны хүмүүсийнхээ сэтгэл зүрхийг шархлуулах зүйл хийхээ больсондоо хамгийн их баяртай байдаг байна.
Хүн хэт их баярлах эсвэл гуниглах үедээ нулимс унагадаг бол Н.Дамдиндоржийн хувьд архинаас хамааралтай байсан учраас түүний гэр бүлийнхэн доголон нулимстай амьдарч, өдөр хоногийг өнгөрүүлдэг байжээ. Харин тэрбээр архи ууж, тамхи татахаа больсон учраас гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж Н.Дамдиндорж үр хүүхдүүддээ хүндлэгдсэн аав нь болжээ.
Архи бол шилэн дотор байгаа шингэн ус хэдий ч хүний амьдралыг хамгийн доод түвшин хүртэл уруудуулдаг. Харин архинаас холдсоны дараа гэрэл гэгээтэй бүхэн рүү алхам алхмаар ойртож, амьдралын сайхан бүхнийг мэдэрдэг юм байна гэдгийг Н.Дамдиндорж хэллээ.





