Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Долоон буудлын эцэст хөл хөдөлгөөн ихтэй. Хөлчүүрхэн алхах харчуудаас эхлээд хоёр гар дүүрэн тортой хүнс барьсан бие давхар гэрийн эзэгтэй, тэрэг түрэн ачаа зөөх хурдан хөдөлгөөнтэй шавилхан залуус, хичээл сургуулиа тараад гэр рүүгээ яарах бяцхан үрс гээд өөр өөрийн амьдралын замаар алхах олон иргэд энэ замаар холхино. Гэвч өөр өөрийн замаар алхах энэ хүмүүсийг хахир хүйтэн өвлийн чимээ жихүүцүүлнэ. Учир нь энэ жил тэд УБ-ын өвлийг юу түлж, хэрхэн давах нь асуултын тэмдэгтэй байна.
Нийслэлээс дорвитой хариу өгөхгүй байсан өчигдөр албаныхан мэдээлэл хийж, энэ өвөл урд хөршөөс импортоор авах хагас коксжсон нүүрсээр өвлийг давна гэж хариуллаа. Ингэхдээ нэг уут хагас коксжсон нүүрс 25 кг-аар савлагдаж, нэг уут нь 5000 төгрөгөөр худалдаалагдана.
Биднийг очих үед долоон буудалд түлшний нэг ч цэг байсангүй. Өөрөөр хэлбэл нүүрс худалдаанд гараагүй байна. Учир нь энэ өвөл юу түлэх нь тодорхойгүй учир түлш борлуулагчид үүдээ барьжээ. Ингээд бид тэрбум төгрөг зарлагдсан “Таван толгой түлш” компанийн шахмал түлшийг хэрэглээнээс халж, улмаар өнгөрсөн хугацаанд зарцуулсан 1.1 их наядын төсвийн мөнгө (2024 оны Аудитын тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 1,1 их наяд төгрөгийн санхүүжилт авсан) салхинд хийсч байна гэхэд хилсдэхгүй.
Намрын сэрүү орсон эдгээр өдрүүдэд түлш худалдаанд гараагүй, орой хүйтэн байгаа учраас иргэд мод түлж байна гэсэн юм. Тэд “Одоохондоо тэгээд мод л түлж байгаа. Нэг шуудай мод чинь ₮10,000 тэгээд бараг өглөө, орой хоёр түлээд л дуусчихаж байна. Зарим үед байгаа юмаа түлж байна. Мод нэг халуунаа хадгалах чадвар муу. Тиймээс одоо хурдан нүүрс хүмүүсийн гар дээрээ ирвэл сайн байна” гэв.

Гэр хорооллоор түлэх түлшгүй, даарсан иргэдийн ханиад хүндэрч байна гэв.
Ээжүүдийн төлөөлөл болох ЧД-ийн 15-р хорооны иргэн Туяа дөрвөн хүүхэдтэй, бие давхар. Түүний хувьд “Өглөө оройдоо гал түлэхгүй бол хүүхдүүд даараад цэцэрлэг сургууль орчихсон болохоор заавал гал түлнэ. Өдөр 4-5 цагт л дулаахан, гал түлэхгүй. Бусдаар бол байнга гал түлж байгаа. 9-р сарын 15 бараг хүрэхгүй худалдаанд гарвал уул нь зүгээр шүү дээ. Нялх нярай хүүхэдтэй айл чинь бас хэцүү. Жирэмсэн хүмүүс чинь бас даарна. Даарахаараа хавагнана” гэв.

Урд хөршөөс нүүрс авахыг юу гэж бодож байна? Гэсэн асуултад иргэд:
“Тэр бол буруу. Өөрсдөө нүүрс гаргадаг юм байж, урд хөршөөс импортоор авна гэдэг чинь зөв юм уу. Тэрэнтэй лав л санал нийлэхгүй байгаа. Монголдоо нүүрстэй байж заавал гаднаас авна гэдгийг бол ойлгохгүй байгаа” гэв.


Нийслэлийн Засаг Даргын орлогч Т.Даваадалайгаас бид гадаа хүйтэн байгаа энэ цаг үед иргэд юу түлж байна вэ? Гэдгийг тодруулахад тэрээр “400 цэг дээр хагас коксжсон, дээрээс нь мидлингийг бол нөөцөөр хангаж байгаа. Өнгөрсөн жилийн Мидлингийн үлдэлдэл 26.000 билүү 36.000 тонн байгаа гэсэн” гэж хариулав. Бодит байдал дээр нэг ч түлшний цэг үйл ажиллагаагаа эхлүүлэгүй байгааг бид хөндлөө.
9 сарын 15-наас эхэлж нийслэлд 400 цэгээр дамжуулж хагас коксжсон нүүрс борлуулахаар төлөвлөжээ._Ингэснээр шахмал түлш хэрэглээнээс халагдаж, нэг уут нь 25 кг-ийн савлагаатай хагас коксжсон нүүрс 5000 төгрөгөөр худалдаалагдана. Шинэ нүүр хэрэглээнд нэвтэрч байгаатай холбоотойгоор гэр хорооллын 220 мянга гаруй өрхийн зуухны стандарт, угаар мэдрэгч зэрэг олон асуудал хөндөгдөнө. Бид энэ асуудлыг эргэн сурвалжилна.





