Эхнэрээ ажлын байран дээр нь хутгалж хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард “Gem Mall” худалдааны төвд гарсан. Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр өглөө 9:00 цагаас (2025.09.17) эхэлсэн.
Өдөржин хуралдсан шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, шүүгдэгч Н.Э-г хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, түүнийг бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа.
Мөн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, сэтгэцийн хохирол болох 162 сая 360 мянган төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Э.Д-д олгохыг шүүхээс даалгалаа. Түүнчлэн амь хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдэд асран хамгаалагч томилохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон байна.
Хэргийг эргэн сануулвал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн Н.Э-ыг яллагдагчаар татан, өнөөдрийг хүртэл 82 хоног цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Улмаар прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэг, 10.1-2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хэлэлцэж, ийнхүү шийдвэрээ гаргалаа.





