• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Энхтүвшин: Ард түмэн маань автомашиндаа бензинтэй шинэ оноо угтахаар боллоо

Б.Энхтүвшин: Ард түмэн маань автомашиндаа бензинтэй шинэ оноо угтахаар боллоо

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин “ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хэмжээ нэмэгдсэн ч шатахуун түгээх станцууд дахь иргэдийн оочир дараалал буурахгүй байсан. Харин өнөөдрөөс харьцангуй багаслаа. Сарын сүүлээр нийлүүлэлт сайжирсан тул ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо. УБ хотод шатахуун, дизель түлшний нийлүүлэлт тогтворжсон. Энэ долоо хоногт ОХУ-аас дахин 20,000 тн “АИ-92” автобензинийг нийлүүлэхээр боллоо. Өнөөдөр өглөөнөөс орон нутаг руу шатахуун, дизель түлш тээвэрлэж эхэллээ. Маргаашнаас орон нутагт нийлүүлэлт тогтворжино. Ард иргэд маань уужирч, шинэ жил, шинэ оноо нефть бүтээгдэхүүний хомсдолгүй давах болно гэдгийг хэлье" гэв. 

Албаныхан өнгөрсөн шөнө 03:00 цаг хүртэл шатахуун түгээх станцын агуулахуудад ажиллажээ. Өчигдрийн байдлаар 181 шатахуун түгээх станцад АИ92, АИ95 шатахууныг агуулахаас түгээсэн байна. ОХУ-аас дөрөв, БНХАУ-аас хоёр боомтоор шатахуун импортолж байна. Нийт зургаан боомтоор өнөөдрийн байдлаар 58,724 тонн АИ92, 2387 тонн АИ95, 163,500 тонн дизель түлш, нийт 233,962 тонн шатахуун импортоор оруулж ирсэн хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээллээ.