Тус шалгалтад СЭМҮТ-ийн 11 сувилагч хамрагдаж, онолын мэдлэг болон гардан үйлдлийн ур чадвараа үнэлүүлэн, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сувилагч боллоо.
Шалгалтыг тус төвийн Сувилахуй хариуцсан дэд захирал, Сувилахуйн ухааны магистр О.Оюунтөгс, Сэтгэц-Нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор Н.Алтанзул нар удирдан зохион байгуулсан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төгсөлтийн дараах сувилахуйн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Лхагвадорж хөндлөнгийн хяналтаар ажилласан юм.
Сувилагч нар нь өвчтөнийг эмчилгээний бүхий л үе шатанд дэмжиж, тайтгаруулахын зэрэгцээ, тэдэнд болон тэдний гэр бүлд эрүүл мэндийн талаар мэдээлэл өгдөг. Энэ нь өвчтөний сэтгэл зүйг тогтворжуулж, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Иймээс тэдний мэргэжлийн ур чадвар, өвчтөнд хандах хандлага нь эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахаас, өвчтөний сэтгэл зүйг тогтворжуулах нэгэн хүчин зүйл болдог.
СЭМҮТ нь сувилагч нарынхаа мэдлэг, чадвар, хандлагыг тасралтгүй сайжруулснаар үйлчлүүлэгчдэдээ чанартай, мэргэжлийн өндөр түвшний сувилахуйн тусламж үйлчилгээг хүргэх боломжийг бүрдүүлдэг. Сувилагч нар дээрх шалгалтад хамрагдан мэргэшиж байгаа нь Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжилд оруулж буй нэгэн хувь нэмэр юм.





