Олон улсын “Дакар ралли 2026” уралдаан энэ сарын 3-нд Саудын Арабад эхэллээ. Нийт 318 экипаж (Үүнээс 117 нь мотоцикл) 17-ны өдөр хүртэл нийт 8000 км зам туулна. Энэ жил Саудын Арабын баруун, төв хэсгийн чулуу, хад асгатай маршрут сонгосон нь онцлог байна.
Энэ удаагийн Дакар раллид Монгол улсаас МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд, ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн нар оролцож байна. Эхний хоёр гарааны дараа Австралийн Даньел Сандерс мотоциклийн төрөлд тэргүүлж байна. Өнгөрсөн жилийн аварга, өдгөө 31 настай австрали эр 07:42:24 цагийн амжилтаар бүх тамирчдыг манлайлж байгаа бол манай тамирчин Э.Халиунболд 08:50:22 цагаар 28, П.Мөрөн 09:55:00 цагаар 45-д жагсжээ. Өнөөдөр буюу гуравдугаар гараа Саудын Арабын Аль-Ула хотод нийт 422 км зам туулах юм.








