Үнэгүйдэн хаягдаж буй малын түүхий эдээр гар урлал хийдэг хосууд

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Ц.Баатар, Б.Бадамсүрэн үнэгүйдэж хаягддаг малын түүхий эдээр гар урлал хийн, үйлдвэрлэл эрхэлж байна. Гэрийн эзэн Ц.Баатар 35 жил 11 сар улсад ажиллан, тэтгэвэртээ гарсан. Тэрээр тэтгэвэрт гарсан цагаасаа эхлэн эхнэрийнхээ хамтаар малын түүхий эдийг ашиглан төрөл бүрийн гар урлалыг хийж байна. Тэрээр өмнө нь ажлынхаа хажуугаар энэ бүхнийг амжуулдаг байсан бол одоо бүтэн цагаар өрхийн үйлдвэрлэлдээ анхаарал хандуулж байна. Ц.Баатар тэтгэвэрт гарахаасаа өмнө нь ч гэсэн хог хэмээн хаягддаг байсан малын түүхий эдийг ашиглан социализмын гэгдэх он жилүүдэд ч гэсэн гар урлал хийдэг байжээ. Тэрбээр хаягдаж байгаа малын түүхий эд, үхрийн шир, эвэр, туруу яс зэргийг голчлон ашиглан гар урлал хийдэг. Жишээлбэл бургасаар ташуур, хаягдсан модоор хусуур, үхрийн эврээр төл малын угж хийж байна. Харин гэргий Б.Бадамсүрэн оёдол хийн, хамтдаа сумандаа хөдөлмөрлөн амьдарч байна.

 
Ц.Баатарын гэргий Б.Бадамсүрэн нь улсын худалдааны байгууллагад худалдагчаас нярав хүртэл ажиллаж байсан. Тэрбээр улсад 33 жил ажиллан 2016 онд тэтгэвэртээ гарч нөхрийн хамтаар ийнхүү өрхийн гар урлалын үйлдвэрлэл эрхэлж байна. Түүний ээж болон эмээ нь уран хүмүүс байсан бөгөөд ээж, эмээгээсээ угалз нугалах, оёдол хийх гэх мэт бүхий л зүйлсийг сурчээ. Б.Бадамсүрэн аливаа үндэсний хэв маягтай хувцсыг урлахдаа хээ угалзыг зөв тохируулах, цэвэрхэн оёдолтой байлгах гэх мэтээр сэтгэлээ шингээн урладаг. Мөн залуучуудын захиалгаар хүрэм, дээл хувцас хийхдээ ар нуруу хэсэгт нь морины толгойг угалзаар бэлтгэн хийж өгдөг байна. Тэрбээр үнэгүйдэж байгаа малын арьс, нэхий, түүхий эдээр мотоциклын нударга, элдэж бэлдсэн арьсаар дээл, үс муутай үнэ хүрдэггүй ямааны арьсаар мотоциклийн богц, үүргэвч, ямааны арьсан хүрэм, монгол гэрийн чагтага, сагалдарга зэргийг сүүлийн үед голчлон хийж байна.


Харин түүний нөхөр Ц.Баатар голчлон үхрийн сүүл, арьс, шир зэргийг ашиглан бүтээгдэхүүн хийдэг. Үүнд үхрийн сүүлийг ашиглан гутлын гөвүүр, үхрийн ширээр гүүн зэл, унаганы ногт, чагт, хадгаар хийсэн шонгийн хэц, үхрийн эврээр хурга, ишигний угж зэргийг хийн бүтээгдэхүүн болгож байгаа юм. Б.Бадамсүрэн хэлэхдээ “Малгүй бол малчид болон Монголчуудын амьдрал хүнд болно. Малтай байж л хүмүүсийн амьдрал, амьжиргаа сайжирна. Гэтэл малынх нь бүх түүхий эд үнэгүйдээд байхаар малчиддаа хэцүү байдаг. Сайхан арьс, үхрийн шир зэргийг хаяж байна. Бид хоёрын хувьд үнэгүйдээд байгаа тэр арьс, шир зэргийг аваад бүтээгдэхүүн болгох боломж байгаад хийж байгаа ч гэсэн тэр бүх хаягдаж байгаа зүйлсийг бүгдийг нь бүтээгдэхүүн болгох боломж, хүн хүч хомс байна” гэлээ.