Өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт хоёр настай хүүхэд сураггүй болж, нутгийн иргэд, сайн дурийнхан болон төрийн байгууллагуудыг дайчилж хүүг эрэн хайсан. Эрлийн баг хүүг алга болсноос 8 хоногийн дараа нас барсан байдалтай олсон байдаг. Тус эрлийн ажиллагаатай зэрэгцэн есдүгээр сарын 21-нд Хөвсгөлийн Тариалан суманд самарт явсан 46 настай эмэгтэй сураггүй алга болсон. Түүнийг хайх эрлийн ажиллагааг 18 хоногийн дараа ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон. Тэгвэл тус суманд дахин нэгэн иргэн сураггүй болж, эрлийн ажиллагаа 5 дахь өдрөө үргэлжилж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ тус сумын харьяат иргэн “Ц” нь 10.06-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.





