Т.Мөнхдалай: Метронд хамгийн хол зорчсон хүн 2000 төгрөг төлнө

Улаанбаатар метро төслийн менежер Т.Мөнхдалай “ТЭЗҮ-ээс танилцуулав.

 

"Өртөө бүрийг дээрээс бокслож ухах аргаар ухна. Хөрсний усыг тусгаарлан шийднэ. Өртөө хоорондын зай 800 метр-1.7 км байна. 6.6-7.2 метрийн диаметртэй хос туннелийг хөндлөн ухалтын аргаар барина. Ингэхдээ авто зам болон эргэн тойрны барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төв замын доогуур сувагчилж ухаж гүйцэтгэнэ. Туннелийн урт 15 км, хос учир нийт 30 км туннель ухна. Хотын баруун, зүүн захын дэд станцаас эрчим хүчээ авна. Нэг дор хамгийн ихдээ 29 МВт-ын суурь чадал хэрэглэхээр тооцоолсон. Шугамын туршид хүчитгэх дөрвөн дэд станцыг өртөөний байгууламжид байгуулна. Галт тэрэг 1500 вольт хүчдэлээр ажиллана. Галт тэрэг нь автоматаар бүрэн удирдагдана. Эхний жилүүдэд мэргэжлийн ажилчид аюулгүй байдлыг ханган ажиллана. Хэрэглэгчид болон ажилчид бүгд хэрэглээнд дадсанаар бүрэн автомат буюу жолоочгүй системд шилжих юм. Хотын зүүн захад Амгалан орчимд 26 га газарт Засвар, үйлчилгээний нэгдсэн удирдлагын төв байгуулна. Энэ хэсэгт 15 дахь өртөө газар дээр байгуулагдана. Цагт 17 мянган хүнийг нэг чигт зөөх хүчин чадалтай буюу нэг цуваандаа 20 метрийн урттай зургаан вагон явна. Ойролцоогоор таван минут тутамд 1300 хүнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр тээвэрлэх хүчин чадалтай. 19 галт тэрэг буюу 114 вагон худалдаж авахаар төлөвлөж байна. Эрсдэлийн шинжилгээг хийж, эрсдэлийг шийдэх аргачлал, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сард хийсэн үнэлгээгээр тасалбарын үнэ 1250 төгрөг байх бөгөөд үүн дээр км тутамд 50 төгрөг нэмэхээр тооцсон. Ингэхээр хамгийн хол зорчсон хүн 2000 төгрөг төлөх юм. Тасалбарын үнийн эцсийн шийдвэрийг ашиглалтад орохоор гаргана” гэлээ.