Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улс өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлээд 35 жил болж байгаа бөгөөд 1991 оноос хойш нийтдээ 2019 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэв.
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байдаг.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9 хувь), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5 хувь), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7 хувь)-тай тус тус тэнцэж байгааг танилцуулсан.
Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК; “Хөдөө аж ахуйн бирж” ХХК; “Үндэсний давхар даатгал” ХК; “Монголын хөрөнгийн бирж” ХК; “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК; “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК; “Эрдэнэс Тавантолгой” ХК; “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ; “Дулааны III цахилгаан станц” ХК; “Дулааны IV цахилгаан станц” ХК; “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК; “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК; “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; "Багануур дулааны станц” ТӨХК; "Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.
“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв.
Ингээд “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.





