Гучин найм дахь удаагийн “Үндэсний Номын баяр” арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 19-21 ны өдрүүдэд буюу 14 хоногийн өмнө Сүхбаатарын талбайд болсон. Тус Номын баярын арга хэмжээнд оролцохоор бүртгүүлсэн аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүс, арга хэмжээ зохион байгуулагдах гурван өдрийн хугацаанд өөрийн үйл ажиллагаа явуулж буй хэсэгтээ номын худалдаагаа хийгээд заасан хугацаанд дуусгасан. Гэвч “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн.
Тиймээс НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу талбай чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэсэн ч шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, газрын тухай хуульд үндэслэн талбай албадан чөлөөлөх Нийслэлийн засаг даргын захирамж гаргажээ.
Энэ асуудлаас үүдэн “Динза Цондоолойгийн анд найзууд НҮТББ”-ын захирал А.Дэлгэржаргал нь хотын орлогч А.Амартүвшин рүү сүрдүүлсэн гэв. Тэрээр хэлэхдээ "Надруу дарамталсан, сүрдүүлсэн, шаардсан агуулгатай мессеж бичих, утсаар залгаж доромжлох үйлдлүүдийг удаа дараа хийж байна. Түүний гаргасан үйлдлүүдийг авч үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах, заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн зэрэг үйлдэл болж буй тул хуулийн байгууллагад хандах болно. Аливаа нийтийн арга хэмжээнд оролцохдоо заасан цаг хугацаанд журмын дагуу үйл ажиллагаа явуулах нь тухайн байгууллага болон хувь хүний ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж байдаг. Гурван сарын өмнө арга хэмжээ зохион байгуулаад тайзаа хураагаагүйн улмаас хүчтэй салхинд нурж 3 хүн эрүүл мэндээрээ хохирсон. Удахгүй хүйтэрч цас орох тул энэхүү 2 давхар байгууламж нурах эрсдэл үүсч хүний эрүүл мэнд, цаашлаад амь насыг хохироовол хэн хариуцлага хүлээх вэ?" гэжээ.
“Динза Цондоолойгийн анд найзууд НҮТББ”-ын захирал А.Дэлгэржаргалын бичсэн агуулгаас хүргэвэл:
• Хэрвээ тус байгууламжийг албадан буулгавал биет хөрөнгийн ₮700 сая, биет бус оюуны өмчийн ₮2.8 тэрбум нэхэмжилнэ.
• 312 мянган дагагчтай хуудсаараа live хийнэ.
• Сайн дурын ажилтууд болох 240 залуусаа дуудна гэжээ.
• Байгууламжийг буулгавал 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, дэмжигч инфлюнсерүүд бэлэн хүлээж байгаа
Жич: Бичсэн баримтуудыг зургаар хавсаргав.











