Олон улсын эх сурвалжуудын мэдээллээр ОХУ нийтдээ ойролцоогоор 40 орчим томоохон газрын тос боловсруулах үйлдвэртэй. Тэдгээрээс энэ онд Украины довтолгоонд 17 том үйлдвэр өртсөн гэдгийг Reuters зэрэг олон улсын агентлагууд мэдээлж байна. Үүний үр дүнд Оросын газрын тос боловсруулах хүчин чадал 20 хувиар буурчээ. Волгоград, Рязань, Сызрань, Ярославль зэрэг томоохон үйлдвэрүүдэд үйлдвэрлэл саатсан нь дотоодын шатахууны зах зээлд шууд нөлөөлж, доголдол үүсгэж эхэллээ. Дайн эхэлснээс хойш Украйн 200 гаруй удаа Оросын нефтийн салбарын дэд бүтцэд дроны дайралт хийсэн байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд довтолгоо эрс эрчимжиж Оросын талын хохирол огцом нэмэгдэж буй дүр зураг ажиглагдаж буй. Өнгөрсөн 7 хоногт Каспийн тэнгис дэх газрын тос олборлолтын үйлдвэрт халдаж довтолгоо амжилттай болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Шинжээчдийн үзэж буйгаар, өмнө нь харьцангуй хамгаалалт сайтайд тооцогдож байсан далайн дэд бүтэц хүртэл эмзэг болж эхэлжээ. Дайнаас өмнө ОХУ газрын тосны бүтээгдэхүүнээ Европын холбооны орнууд, Их Британи, АНУ, мөн Ази, Латин Америк, Африкийн олон улс руу нийлүүлдэг байсан бол одоо Европ болон G7-ийн зах зээлд экспортоо бараг бүрэн хязгаарлаад байна. Нийлүүлэлт хумигдсантай холбоотойгоор 2025 онд шатахууны үнэ огцом өссөн байна. Тухайлбал, нэг тонн АИ-92, АИ-95 төрлийн бензиний бөөний үнэ 73,000–81,000 рубль хүрсэн нь өмнө байгаагүй өндөр үнэ юм. Дайнаас өмнө энэ төрлийн бензиний үнэ тонн тутамдаа 45,000–55,000 рубль байсан билээ. Жижиглэнгийн үнэ мөн өсөж, Крым, Алс Дорнод, өмнөд болон Волгын бүсүүдэд шатахуун түгээх станцууд тодорхой төрлийн бензингүй болох, борлуулалтыг түр хязгаарлах тохиолдлууд гарсаар байна. Украйны довтолгоо цаашид үргэлжилсээр байвал ирэх онд нөхцөл байдал улам дордох эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид онцолж байна.





