11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Хүйтний эрч эрс чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК ын дарга Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийж үүрэг чиглэл өглөө.
ШАДАР САЙД Х. ГАНХУЯГ: ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ ЭХЭЛСЭН АЙМГУУДАД УЛСЫН НӨӨЦӨӨС ӨВС ТЭЖЭЭЛ ХҮРГҮҮЛЖ ИРЭХ САРД ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА
1. Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэдэд тогтмол шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах, товчоодод анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх гэх мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх, /нийт аймгууд/
2. Отор нүүдлийн зохион байгуулалт, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээ, мэдээллийг нарийвчлан гаргах, малчдын судалгааг тухай бүр тодотгох, иргэд, малчид, орон нутгийн захиргааны байгууллагуудын дунд отортой холбоотой үл ойлгоцол үүсэхээс урьдчилан сэргийлж нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх,
3. Малдад эрүүл мэнд, нийгмийн халамж болон бусад төрийн үйлчилгээг шуурхай хүндрэлгүй хүргэхэд салбарын яамдтай хамтран тусгайлан анхаарч ажиллах, /нийт аймгууд/
4. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтын үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байх тухай анхааруулга тогтмол хүргэх, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх үед сумдын ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр оновчтой зохион байгуулалтын арга хэмжээг орон нутгийн онцлогт тохируулан авч хэрэгжүүлэх /нийт аймгууд/
5. Цас, шуурга, хэт хүйтрэлтээс үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлтөд тодотгол хийх, удирдлага зохицуулалтаар хангах, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах /нийт аймгууд/
6. Зудын үед ажиллах томилгоот хүн хүч, техник хэрэгслийг тодотгох, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, шаардлагатай шатах тослох материал, хоол, хүнс хангалтыг урьдчилан бэлтгэх /нийт аймгууд/
7. Аймаг, сум, багийн төвөөс алслагдсан газар өвөлжиж буй айл, өрх, бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргах, төрийн үйлчилгээ шуурхай үзүүлэх, зохион байгуулалтаар хангах /нийт аймгууд/
8. Төв суурин газрын иргэд, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүч, дулаанаар тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай нүүрс, түлшний нөөцийг бүрдүүлж, хангалтыг тасралтгүй зохион байгуулах, сэлбэг хэрэгсэл, эд материалын нөөцийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавих /нийт аймгууд/
9. Зам, даваа хаагдсан нөхцөлд шуурхай нээх хүн, хүч, автомашин, механизмын бэлэн байдлыг хангаж, шаардлагатай шатах тослох материалын нөөцийг бүрдүүлэх, /нийт аймгууд/
10. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 75 хувьд цастай ба өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхцийн хэмжээ 12 хувиар, цасны зузаан Увс, Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн нутгаар 6-16 см-ээр нэмэгдсэн байна. Иймд нөхцөл байдлыг бодитоор үнэлж зудын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
11. 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4%-д нэн их, 17%-д их, 33%-д дунд, 25%-д бага зэрэг хүндрэлтэй, 21%-д хүндрэлгүй байхаар байна. Мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар их, Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар дунд болон их, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх нутгаар дунд зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байгаа тул эдгээр аймгууд онцгой анхаарах шаардлагатай.
12. Шаардлагатай тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д заасны дагуу авто замыг түр хугацаагаар хаах зохион байгуулалтын арга хэмжээ авах /Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон/
13. Малын шилжилт хөдөлгөөн, малчдын отор нүүдэлд хяналт тавих, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах /Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий/
14. Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолд заасан өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх. Тухайлбал, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг 50-иас доош хувиар бэлтгэсэн дараах аймгууд байна. Үүнд:
-Баян-Өлгий 49.8 хувь,
-Говь-Алтай аймаг 27.1 хувь,
-Дундговь аймаг 48.7 хувь,
-Завхан аймаг 43.8 хувь,
-Өвөрхангай аймаг 44.4 хувь,
- Хөвсгөл аймаг 27.7 хувийн тус тус гүйцэтгэлтэй байна.
15. Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамтай хамтран ажиллаж, шаардлагатай шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах /Баянхонгор, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий/





