2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага ирсэн. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 210 гаруй иргэн, төрийн албан хаагч, 38 автомашин, 2 мотоцикл, 4 морьтойгоор 4–5 км-ийн радиуст самналт хийж байна. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг болон Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтойгоор тус суманд ажиллахаар хөдөлсөн байна.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг Хөвсгөл аймагт үүрэг гүйцэтгэхээр нислэг. Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг явуулж байна. Өнөөдөр өглөө /2025.09.19/ гэгээ ормогц эрэн хайх ажлыг эхлүүлж ой модыг агаараас самнахаар хөөрлөө.
Мөн нутгийн иргэд машин техник, дулаан хувцастай цуглан эрэлд нэгдсээр байна.





