Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд сураггүй алга болсон. Тухайн өдөр хүүгийн ээж 5 сартай болон хоёр настай хоёр хүүхдээ автомашинд унтаж байх үед нь машиныхаа ойр орчимд үйс түүсэн. Улмаар шуудай асуухаар мод бэлтгэж байсан хүмүүс рүү яваад ирэх хооронд хүү алга болсон гэж өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.
Тэгвэл хүүг эрэн хайх ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Эрлийн ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, мэргэжлийн анги, Тариалан, Түнэл сумын төрийн алба хаагчид, сайн дурын иргэд оролцож байна. Өнөөдөр эрлийг баруун хойд зүгт 4 км-ийн радиуст явганаар самналт хийж байна гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.
Эрлийн багийнхан 09 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас шөнийн дулаан мэдрэгчтэй дроноор хүүхэд алга болсон гэсэн байршлаас 4 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан. Мөн эрэн хайх, аврах ажиллагаанд өнөөдөр 4 нохой оролцож байна. Өчигдөр эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн бөгөөд эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн “Хувь” гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх “Сайхан мод” хүртлэх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Хүүг эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн Прокурорын газар, УИХ-ын гишүүн Х.Баттулга ажлын алба, Эрдмийн далай, Титэм ЕБС, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэгийн газар, Зооноз, Хөвсгөл Тайга мото спортын хороо, Од хүүхдийн дэлгүүр, Шинэ Мөрөн ХҮТ, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги, Хөвсгөлийн өнгө цахим ТВ, Аймгийн Тогоочдын холбоо, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр, Төмөрбулаг, сумын ЗДТГ-ын, Тариалан сумын ЕБС, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, багийн иргэдэд, Алтан хачир ХХК, Гуамөрөн эмнэлэг, Тариалан болон Мөрөн, Түнэл сумын сайн дурын иргэд, Ар гэрийн хүмүүс, Орхон аймгийн сайн дурын иргэд, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул аймгууд, Улаанбаатар хотын сайн дурын иргэд оролцож байна.









