Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто"-д шаардлага хүргүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группын удирдлагуудад Оюутолгойн төсөлд Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ.

УИХ-аас өнгөрсөн оны 12-р сарын 2-нд "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан юм. Талуудын хэлэлцээний хүрээнд Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, эрх тэгш зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах зэргийг шаардлагаараа хөндөх ажээ.

Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт хохиролтой байгааг шинжээчид дүгнэсэн, УИХ-аас энэ талаар олон шийдвэр гарсан ч өдийг хүртэл хэрэгжээгүй ирсэн байдаг.