Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа. Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсэн. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал аcуулга явуулахад 52 хувь нь дэмжсэн байна. Тэгш, сондгойгоор зорчих мэдээллийг өчигдөр /2025.12.14/ 19:00 цагт ТЦА, ЗХУТ-өөс өгсөн боловч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цуцалжээ.
Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ оны 12 дугаар сарын 15–31-ний өдрүүдэд, өдөр бүр 08:00–20:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүйгээр автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хэрэгжүүлэх талаар танилцуулсан. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэх болсон үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдсэнтэй холбон тайлбарласан. Мөн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах хүсэлт иргэдээс ирсэн тул уг зохицуулалтыг хэрэгжүүлэх эсэх талаар санал асуулга явуулсан гэж мэдэгдсэн байна.
Тус санал асуулга өнөөдөр 18:00 цагт дууссан бөгөөд нийт 6,593 иргэн оролцжээ. Санал асуулгад оролцогчдын 52 хувь нь автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг дэмжсэн байна гэж НЗДТГ-аас мэдээллээ. Харин санал асуулгад оролцогчдын 48 хувь нь дэмжээгүй. Гэвч санал асуулгад оролцсон иргэдийн тоо нь Улаанбаатар хотын албан ёсны хүн амын дөнгөж 0.4 хувьтай тэнцэж байна. Энэ нь олон нийтийн саналыг төлөөлөхгүй хэмээн зарим иргэд шүүмжилж эхэлсэн.
Үүнтэй зэрэгцэн дугаарын хязгаарлалттай холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” хэмээн мэдэгдсэн. Тэрээр уг асуудалтай холбогдуулан хариуцлага тооцох, цаашид албан ёсны шийдвэргүйгээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх үүргийг ЦЕГ-т ийнхүү өгчээ.





