УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд шалгуулахаар өгчээ. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд өвдөг шороодсон даруйдаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэн. Гэтэл Ерөнхий сайдын энэхүү мэдэгдэл Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлж байж томилох Үндсэн хуулийн 39 дүгээр заалтыг илтэд зөрчсөн үйлдэл болсон аж.
Харин Б.Энхбаяр гишүүн дахин мэдэгдэл хийжээ. Тэрээр энэ сарын 2-нд олон нийтэд хандсан мэдэгдэлдээ “Би нүүрсчдэд хөөгдөхгүй, харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө” гэж мэдэгдсэн нь Үндсэн хуулийн 10.1.2 болон 15.2, 16.18 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзээд иргэн Б.Отгонпүрэв, Б.Баасансүрэн нарын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Тухайн иргэд Цэцэд гаргасан мэдээлэлдээ УИХ-ын гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахихаа тангаргалснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярын дээрх хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан болохыг тогтоож өгөхийг ийнхүү хүсжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн нь аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоодог албан тушаалтан огтоос биш гэдгийг ч дурдсан байна. “Үндсэн хуулийн 15.2-т “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын бүх иргэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18-т зааснаар “Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” ба уг эрхийг Монгол Улсын Их хурлын гишүүн нь эдлүүлэхгүй байх, улмаар эх орноосоо хөөхөөр мэдэгдсэн нь Үндсэн хуульт ёсонд халдсан үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын Их хурлын гишүүний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Үндсэн хуульд бүрнээ нийцдэг байх, тангарагаа зөрчдөггүй байх учиртай гэж үзжээ. Ийнхүү түүнийг Үндсэн хуулийн холбогдох заалтууд төдийгүй олон улсын нэгдэн орсон зарчим, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болсон гэж тэд үзжээ.





