Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ хувийн хэвшлийнхний хийж байгаа ажлыг төр аваад хийгээд байж болохгүйг онцлоод авна лээ. Хувийн аж ахуйн нэгжүүддээ татварын уян хатан бодлого баримтлах шаардлагатай ч хэлсэн. Өнөөдөр Монгол Улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэх чиглэлд хэт анхаарсны улмаас 2024 онд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлжээ. Энэ ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулснаар багасгах боломж байгааг онцолж байлаа. Татварын хэт ачаалал нь бүтээмж, өсөлт, хөгжлийн гол дайсан болж байгааг спикер шуудхан зарласан. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстойг ч хэллээ. Тиймээс татварын хуулиудад хуруу дүрэх төдийхнөөр өөрчлөлт хийх бус татварын ачааллыг бодитоор бууруулж, хувийн хэвшлийнхний “нурууг тэнийлгэх” цаг болсныг онцлоод авна лээ. Тиймээс энэ намрын чуулган татварын шинэчлэлд онцгой анхаарах нь ээ. Юун түрүүнд үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж улсын төсөвт төвлөрүүлэхэд анхаарах бололтой. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь маш доогуур байна. 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол Нэгдэл” дангаар бүрдүүлжээ. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Орон нутагт ч энэ байдал дээрдэхгүй хэвээр. Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө 1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Өнөөдөр төрийн өмчит 107 компанийг 9 яам, агентлаг харьяалан удирдаж компаниудын үр ашиг, өгөөжид хяналт, гүйцэтгэлийг шаарддаг, хариуцлага тооцдог мэргэжлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо алга байгааг ч УИХ-ын дарга шүүмжлээд авсан. Тиймээс Улсын Их Хурлын намрын чуулганаар төрийн өмчийн бодлогын шинэчлэл, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах санаачилгыг дэмжин ажиллахаа ч зарлалаа. Төрийн өмчит компанийн засаглалыг шинэ шатанд гаргаж, нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэхийн тулд улс төрийн нөлөөллөөс ангид, зөвхөн мэргэжлийн ур чадвар, туршлага дээр тулгуурласан менежерүүдээр удирдуулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг ч хэлсэн юм. Энэ намрын чуулганаар Улсын Их Хуралд хэлэлцүүлгийн шатанд байгаа “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон “Нийтийн өмчийн тухай” хуулийн төслийг хэлэлцэж, энэ салбарт эрх зүйн цоо шинэ орчин үйлчлэх байх гэсэн хүлээлтийг үүсгэлээ.





