• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ажлын цагаар цагдаа нарыг дуудаж, амины төлөөстэй архины зараалд явуулжээ

Ажлын цагаар цагдаа нарыг дуудаж, амины төлөөстэй архины зараалд явуулжээ

Энэ оны 7-р сарын 7-ны өдөр Замын-Үүдийн цагдаа нар удирдлагынхаа зараалаар Замын-Үүдийн чөлөөт бүс рүү архинд явж байхдаа осолдож, нэг нь нас барсан байдаг. Ослын улмаас гэмтсэн 26 настай А.М тархины гавлын яс нь цуурч, хүнд гэмтэл авчээ. Тэрээр ослын дараа гурван удаагийн хүнд хагалгаанд орсон. Одоо хөдөлмөр эрхлэх боломжгүй, дахин олон удаагийн эмчилгээ хагалгаа шаардлагатай байна. Түүний ээж бидэнд мэдээлэл өглөө. Тэрээр хүүг нь ажлын цагаар архинд явуулсан удирдлага цалингынхаа 20 хувиар торгуулаад өнгөрч байгаад гомдолтой байгаагаа хэллээ.

Тухайн өдөр автомашинд дөрвөн цагдаа явж байсны нэг нь амиа алджээ. Нас барсан эмэгтэй тус Цагдаагийн хэлтэст эмчээр ажилладаг, дөрвөн хүүхдийн ээж байжээ. Автомашинд явж байсан бусад гурван цагдаа бэртэж, гэмтсэн бөгөөд хамгийн хүнд тархины бэртэл авсан нь А.М юм. Тэрээр 26 настай, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэст ажиллаад 3 жил болж байсан. Гэвч тухайн өдөр өдрийн цайны цагаараа гэртээ байхад нь тус хэлтсийн дэд дарга н.Ш дуудан, Замын-Үүдийн чөлөөт бүс рүү явж 50 шил архи авч ирэхийг даалгаж, 4 сая төгрөг шилжүүлжээ. Тухайн үед А.М “ингэж болох юм уу даргаа” гэж хоёр ч удаа тээнэглэзэж, эргэж асуусан. Гэвч дээд удирдлагын тушаалыг биелүүлэх ёстой учраас яах аргагүй явсан байна. Ингээд тэд чөлөөт бүс рүү очих замдаа осолдсон. Тэд тухайн үед архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй бөгөөд ажлын цагаараа явжээ.

Одоогоор ослын шалтгаан нөхцөл тогтоогдоогүй шалгагдаж байна. Хамгийн гол анхаарал татаж буй асуудал нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нарыг ажлын цагаар архинд явуулснаас тус харамсалтай үйл явдал болоод байна.

Тархины гавлын яс нь цуурч, цус хурсан залууг огт мэдүүлэг өгөөгүй байхад мэдүүлэг өгсөн гэх баримт гарч иржээ. 

Бас нэгэн анхаарах асуудал бол А.М нь ослын талаар ямар нэгэн тайлбар мэдүүлэг өгөөгүй байхад өгсөн гэх баримт гарч иржээ. А.М 7-р сарын 7-нд осолд орсон бөгөөд нэг хоног ухаангүй байсан. 7-р сарын 9-нд хуруугаа ч хөдөлгөж, ус ч ууж чадахгүй байжээ. Гэтэл түүнийг 7-р сарын 9-нд ослын талаар мэдүүлэг өгсөн талаарх баримт гарч ирсэнд түүний гэр бүл болон өөрөө гайхаж, бухимдаж байгаа юм.

“Би гурван жилийн өмнө эрүүл саруул хүүхдээ Цагдаагийн албанд хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр хүүгийн минь биеийн байдал тааруу. Цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болчихлоо. Цаашдаа ч олон удаагийн эмчилгээ шаардлагатай. Тархинд цус хурсан, гүйцэд шимэгдэж дуусаагүй хэвээр байна. Шимэгдэж дууссаны дараа гавлын яс нөхөх хагалгаа хийлгэх шаардлагатай. Тэр нь 100 гаруй сая төгрөг. Түүнчлэн хараа нь бүрэлзэж байгаа, хараанд өөрчлөлт орох магадлалтай гэсэн. Хүү минь гэр бүл зохиогоод удаагүй. Жоохон хүүхэдтэй. Гэтэл хүү минь цаашид ар гэрээ яаж авч явах уу, эрүүл мэнд нь яах вэ гэдэгт санаа их зовоож байна. Албан үүргээ гүйцэтгэж байсан хүүг минь архинд зараалаар явуулсан удирдлага өнөөдөр цалингынхаа 20 хувиар торгуулаад өнгөрч байгаад гомдолтой байна” хэмээн түүний ээж Д.Ц ярилаа. Тэрээр энэ хэргийг АТГ өгч шалгуулна. Мөн Хууль Зүйн сайдад гомдол гаргана гэсэн юм.

Тус хэргийн талаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболдоос бид тодрууллаа. Тэрээр “Дотоод хяналт шалгаад алба хаагчдад хуулийн дагуу хариуцлага оногдуулсан. Заримд нь цалингийн хувь хасах, заримд нь цол бууруулах арга хэмжээ авсан. Хүний амь нас ажлын цагаар хохирсон асуудлыг хуулийн дагуу шалгасан. Зарим нэг гомдлыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэс шалгаж байгаа. Прокурорын байгууллагаар хянагдаад шүүхээр шийдэгдэнэ. Өнөөдрийн хуулиар бид нар ажлаас нь шууд чөлөөлөх боломжгүй. Хэрэг шалгагдаад ирэхээд прокурор, шүүхийн байгууллагаас ажлаас нь түдгэлзүүлж шалгах тогтоол гардаг. Тэгэж түтгэлзүүлэхгүй бол Хөдөлмөрийн хууль болон одоо хэрэгжиж байгаа Цагдаагийн байгууллагын тухай хуулиараа шууд бид төрийн албаны ажлаас чөлөөлөх эрхгүй” гэлээ.

https://www.facebook.com/reel/3982598208669967