• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгохыг зогсоох өргөдөлд 6268 иргэн гарын үсэг зуржээ

Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгохыг зогсоох өргөдөлд 6268 иргэн гарын үсэг зуржээ

Иргэн А.Пүрэврагчаа санаачлан 2025 оны 11-р сарын 06-ны өдөр D-өргөдөл цахим системд “төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох хууль боловсруулах тухай өргөдлийн гаргасан. Өргөдөл гаргаснаас хойш 40 хоног болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 6,268 иргэн дэмжиж саналаа өгсөн байна. Саналын хугацаа 2025 оны 12-р сарын 17-ны өдөр буюу маргааш дуусна. 

Өргөдөл гаргагч А.Пүрэврагчаа нь “Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулж байна. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна” гэжээ.

Тухайн өргөдлийн дагуу 100,000-аас дээш хүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-ын холбогдох байнгын хорооноос хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах юм.