Тэжээвэр амьтны тухай хуулийн хэрэгжилт бодит байдалд ямар байна вэ?

Тэжээвэр амьтны асрамжийн газартай болж, нохой муурыг буудан хороох бус эзнийг нь хариуцлагажуулж, тэжээвэр амьтандаа спей хийдэг байх зохицуулалт бүхий хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэтэл хуулийн хэрэгжилт бодит байдал дээр учир дутагдалтай байна. 

Бид иргэн Г.Номуны мэдээллийн дагуу энэхүү сурвалжилгыг бэлтгэсэн юм. Тэрбээр амьтанд хайртай, амьтны эрхийн төлөө дуугардаг залуусын төлөөлөл. Г.Номуун 12-р сарын 14-ний өдөр эзэнгүй нохой, муурыг түр асран хамгаалах байранд хэсэг залуусын хамт очиход сэтгэл эмзэглэм дүр зураг угтжээ. Г.Номун “Тухайн үед очиход зарим нохойны дүр зураг үнэхээр хүнд байсан. Зарим нь өвчтэй өнөөдөр, маргаашаа хүлээсэн байдалтай байсан” гэлээ.

Ийнхүү манай сурвалжлах групп тус мэдээллийн дагуу эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан, асрамжлах байрыг зорилоо. Тус байгууллагыг хуучнаар "Хар үнэгний аж ахуй" гэж нэрлэдэг байсан бөгөөд Биокомбинатад байрладаг. Өнөөдрийн байдлаар тус газарт 70 орчим нохой, 5-6 муур байна. Зарим нохойнууд богино уяатай ч өөрсдийн гэсэн саравчинд байдаг бол зарим нь ямар ч үүр, саравчгүй ил задгай уяатай байгаа юм. Уг нь тэжээвэр амьтны тухай хуулийн 9.2.8-д “гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглах” гэж заасан байдаг ч бодит байдал дээрээ тийм биш байгаа юм. Энэ шалтгааныг тухайн байгууллагын зүгээс тайлбарлахдаа “спей заслага хийлгэсэн учраас ийнхүү богино уяанд уясан” гэж тайлбарлалаа. Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан, асрамжлах байрны жилийн төсөвт 2 тэрбум төгрөгийг төсөвлөдөг гэж эх сурвалж хэллээ. Тэгвэл НЗД-ын орлогч А.Амартүвшин “Эзэнгүй нохой, муурыг асрамжлах байрны санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог. Энэ жилийн төсөв ойролцоогоор 80-90 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Учир нь ихэнх эзгүй нохой, муурыг устгалд оруулдаг” гэж хэлсэн юм.

Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан, асрамжлах байрны ажилтны хэлж байгаагаар “эзэнгүй нохойг зундаа уях гэхээсээ илүү задгай талбайд байгадаг. Нохой, муурнуудад гоймон, махтай хоол өгдөг. Өглөө нэг хоол өгөөд орой 17-18 цагийн хооронд дахин хоол өгдөг. Зүрх, элэг, бөөр, гүзээ яс гэх мэтийг боловсруулж өгдөг ” гэдэг хариултыг өгч байгаа юм.

Иргэн Г.Номун нэг жилийн өмнө тус асрамжлах байранд ирж байсан байна. Тухайн үед ирэхэд асрамжлах байран байсан нохойнууд нь гударга өвчин туссан байсныг нь мал эмнэлэгт аваачин, унтуулжээ.

Нийслэлийн төсвөөс жил бүр эзэнгүй нохой, муур устгалд 1,8 тэрбум төгрөг төсөвлөж байна. Эзэнгүй амьтныг буудан, хороохыг хориглоно гэдэг ч хамгийн ойрын жишээгээр СХД-т нохой, муур буудан хороож устгахад 648 сая төгрөгийн тендер зарлагдсан байна. Энэ мэтээр нохой, муур устгах эсвэл тэднийг асран хамгаалах нэрээр мөнгө угаалт явагдаж байна гэж хардаж байгаа гэдгийг иргэн Г.Номун хэлж байгаа юм. Тэгвэл НЗД-ын орлогч А.Амартүвшин хэлэхдээ нохой устгалын санхүүжилтийг сумных нь тоогоор, төсвийн санхүүжилтээр өгдөг гэж хэлж байгаа юм.

Бидний очсон эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан, асрамжлах байрыг хариуцах эзэн нь тодорхойгүй байсан бол энэ оноос нийслэлийн мал, эмнэлгийн газар хариуцах болжээ. Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан, асрамжлах байранд нохой, муур ихээр ирэхээс гадна иргэд ч гэсэн ирж, авдаг байна. Ингэхдээ нохойг асарч авахыг хүссэн иргэнийг бүртгэн авч асруулахаар өгдөг гэлээ. “Ямар ч хүн ирсэн тус төвөө танилцуулан, хүссэн нохойг нь асруулахаар өгдөг. Манай төвд байгаа бүх нохой экочиптэй, түүнийг уншуулан асруулахаар хүлээлгэн өгдөг” гэлээ.

Ийнхүү эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан, асрамжлах байр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ төвд хоёр галч, амьтан асрагч 24 цагаар байрлан ажиллахаас гадна менежер, малын эмч зэрэг ажилладаг. Тэд тус төвд ирсэн нохдод спей заслага, үржил зогсоох мэс ажилбар хийдэг.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тухайн хуульд эзэнгүй нохой, муурыг буудахыг хориглосон ч өнөөдрийг хүртэл буудан хороох ажил үргэлжилж байгааг зарлагдаж буй тендерээс харж болно.