Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж, Шүүгдэгч Д.Саяннямбууд холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин дээрх шүүгдэгч нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ. Үүнд Ц.Санжаачойпэлийг нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт тус бүр 8 сар зорчих эрх хязгаарлах ял оноолоо.
Зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг биелүүлэхгүй бол зөрчсөн нэг хоногийг хорих нэг хоногийн ялаар солино.
Шүүгдэгч Д.Саяннямбууг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэлээ хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ мэдээллээ.





