ТАНИАР БҮГД БАХАРХЛАА, БАЯРЛАЛАА Э.ДЭЛГЭРМАА

Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж, тив дэлхийн шилдэгүүд хүч үзэж байна. Манай тамирчдын амжилт буухиалсаар байгаа энэ өдрүүдэд нэгэн онцгой ялалт монгол түмний зүрх сэтгэлийг хөдөлгөж, омогшууллаа. Энэ бол Дэлхийн аваргын мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дэлгэрмаагийн хүрэл медаль байв.

Түүний Бишкекийн дэвжээ хүртэл туулсан зам ямар урт, ямар их гуниг тээснийг бид өчигдөр харлаа. Тэмцээний бэлтгэлийн үеэр амин хайртай аав нь тэнгэрт хальсан харамсалтай мэдээ түүний зүрхийг зүссэн ч тэр буцсангүй. Тамирчин хүний хатуужил, эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, аавыгаа нутаглуулж ч амжилгүй хилийн дээс алхсан юм.

Гашуудлаа тайлж чадаагүй ч шүд зуун зодоглох тэр охины доторх бачуурал, хагацлыг хамт явсан багш, дасгалжуулагчид нь л хуваалцаж, түшиж байлаа. Барилдааны төгсгөлд ялалт байгуулан, нулимсаа сад тавин тэнгэр рүү харах тэр агшин хүрэл медалиас ч илүү үнэ цэнтэй байв. Тэр аавынхаа захиасыг өвөртөлж, тэнгэрийн орноос аав нь түүнийг түшиж байсан гэлтэй.

Тамирчны ялалт хямдхан олддоггүйг, монгол хүний тэсвэр хатуужил ямар байдгийг харуулсан Э.Дэлгэрмаа чамаар бахархаж байна. Мөн түүнийг аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж түшсэн БТСУХ-ны мэргэжилтэн, багш Э.Баттүшиг таны зүтгэлд гүн талархал илэрхийлье.