Соёл, урлагийн цогцолборын Соёл, чөлөөт цагийн сектороос санаачлан хэрэгжүүлж буй “Simple Art” клубын ээлжит уулзалтад үйлдвэрийн газрын нийгмийн цехүүдийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, гишүүд оролцож, сонгодог хөгжмийн аяз дунд дотоод мэдрэмжээ уран зургаар илэрхийлэх арт сэтгэл заслын сургалтад хамрагдлаа.
Соёл, урлагийн цогцолборын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Солонгын урилгаар энэхүү уулзалтад нийгмийн цехүүдийн Эмэгтэйчүүдийн анхан шатны зөвлөлийн гишүүд хамрагдсан бөгөөд оролцогчид арт галерейд сонгодог хөгжмийн пянз сонсонгоо төвлөрөн, зураг зурж, уран бүтээлээрээ дамжуулан өөрийн дотоод мэдрэмж, сэтгэлийн өнгийг илэрхийлсэн юм.
Тус цогцолборын Соёл, чөлөөт цагийн секторын арга зүйч, сэтгэл судлаач Б.Ариунаа оролцогчдын бүтээлд өнгөний сэтгэл зүйн оношилгоо хийж, тайлбар, ярилцлага өрнүүлсэн нь бүсгүйчүүдэд өөрийгөө танин мэдэх, сэтгэл зүйн тайвшрал авах боломжийг бүрдүүллээ. Мөн арт уулзалтын турш Соёл, чөлөөт цагийн секторын зураач, “Simple Art” клубын арт ментор, МУСТА Х.Батбаяр уран зургийн суурь аргачлал, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллав. Үйл ажиллагааны төгсгөлд оролцогчид бүлгийн ярилцлага хийж, сэтгэгдэл, санал бодлоо солилцон, бүтээлээ дурсамж болгон хадгалж үлдсэн.
Энэхүү арт уулзалт нь Эмэгтэйчүүдийн зөвлөл хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан, уурхайчин эмэгтэйчүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёлын орчинд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, дотоод мэдрэмжээ хөгжүүлэхэд чиглэсэн өгөөжтэй, сонирхолтой үйл ажиллагаа боллоо.





