• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 109 АМ.ДОЛЛАР ХҮРЧ, МАНАЙ УЛСЫН АИ-92 ШАТАХУУН 42 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 109 АМ.ДОЛЛАР ХҮРЧ, МАНАЙ УЛСЫН АИ-92 ШАТАХУУН 42 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал, шатахууны нөөц болон намын дотоод шийдвэрүүдийг хэлэлцлээ. 

Ойрхи Дорнодод үүсээд буй хямрал нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй нөлөөлж эхэлснийг салбарын сайд онцлов. Ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурснаас үүдэн газрын тосны үнэ 109 ам.долларт хүрчээ.

Манай улсын хувьд стратегийн чухал бүтээгдэхүүн болох шатахууны нөөцийн байдал дараах түвшинд байна:

  • АИ-92: 42 хоног

  • АИ-95: 73 хоног

  • Дизель түлш (ДТ): 27 хоног

  • Шингэрүүлсэн шатдаг хий: 40 хоног

  • ТС-1 (Агаарын хөлгийн түлш): 25 хоног

Эдийн засгийн дүр зураг: Өсөлт ба иргэдийн орлого

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэвч энэхүү өсөлтийн тал хувь нь буюу 3.2 нэгж хувь нь зөвхөн ХАА болон Оюутолгойн баяжмалын агууламж, биет хэмжээний өөрчлөлтөөс хамаарсан байна. Бусад салбаруудын өсөлт 3.6 хувьтай байгаа нь эдийн засгийн бодит боломжоос доогуур байгааг Ж.Энхбаяр сайд анхаарууллаа.

Иргэдийн амьжиргааны тухайд:

  • Өрхийн бодит орлого улсын хэмжээнд 5.0 хувиар өссөн ч Улаанбаатар хотод 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

  • Тэтгэвэр, тэтгэмжийн бодит дүн 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгаа нь эрсдэл дагуулж байна.

Сайн мэдээ нь манай улсын экспортын орлого 2026 оны эхний кварталд 4.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 60 хувиар өсжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа идэвхжиж, нүүрсний шинэ гэрээ хийлт сард дунджаар 2.7 сая тоннд хүрчээ. Түүнчлэн нүүрсний дуудлага худалдааны үнэ анхны үнээсээ 36 хувь хүртэл өсөлттэй байгаа бөгөөд энэ хандлага 3 дугаар сард илүү өндөр байсан байна.

Хуралдааны эхэнд МАН-ын Бага хурлын II хуралдааны болон Удирдах зөвлөлийн тогтоолуудыг танилцууллаа. Эдгээр тогтоолууд нь төр засгийн тогтвортой, шуурхай ажиллагааг хангах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бөгөөд МАН-ын бүлгийн гишүүд цаашдын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар нэгдэв.