“Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөн төв талбайд хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Улаанбаатар хотод 3.2 их наядын өртөгтэй Туулын хурдны зам түгжрэл буурахад нөлөөлөхгүй, үр ашиггүй зардлыг хасаж, тус төслийг зогсоохыг иргэд хотын даргаас хүссэн боловч хотын дарга Х.Нямбаатар хүсэлтийг хүлээж аваагүй. “Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Н.Учралд хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ. Өнгөрсөн долоо хоногт тэд Ерөнхий сайд асан Г.Занданшатарт мөн шаардлагаа хүргүүлсэн билээ. Учир нь Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар солигдсон тул шаардлагаа ийнхүү шинэчлэн хүргэлээ. Мөн энэ удаад тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандлаа. “Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнд оролцож буй иргэдийн байр суурийг хүргэе.

“Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний төлөөлөл, МУИС-ийн багш, Оксфордын ИС-ын докторант Г.Мөнх-Эрдэнэ: “Туул гол Бурхан халдуун уулнаас эх авч, таван аймгийн арван долоон сумын газар нутгаар дамжин өнгөрдөг. Монгол Улсын хамгийн цэнгэг устай, түүхэн голын нэг билээ. Хэрэв “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын ажил эрчимжвэл тус голын эко систем, нийслэлийн ундны усны эх үүсвэр, голын ай сав дагуух таван аймгийн ард иргэдийн амьдрах орчинд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй. Хотын түгжрэл бууруулах эсэх нь тодорхойгүй, нийгэм эдийн засгийн ач холбогдол багатай. Төсвийн үргүй зардал болох төсөл гэж салбарын эрдэмтэн, судлаачид үзсэн. “Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнөөс дараах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байна” гэв. Үүнд,
“Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний үндэслэл
1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төсөл үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй эсэхийг хэлэлцэх. Төслийн ажлыг нэн даруй зогсоох.
2. Нийслэлийн Засаг Дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг шаардах.
3. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор мэдэгдэхийг шаардлаа.
Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учралд хүргүүлсэн шаардлага
· Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, иргэдийг турхирсан.
· Х.Нямбаатар хүний эрхийн зөрчил үйлдэж, зүй бус харилцаа гаргасан.
· Х.Нямбаатар төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулсан.
· Х.Нямбаатар Сэлбэ, Дунд голыг сүйтгэсэн.
· Х.Нямбаатар уг төсөлдөө иргэдийн оролцоог хангаагүй
· Х.Нямбаатар НИТХ өөрт нь хяналт тавих бүтцийг хяналтгүй засаглах боломжтой болгосон. Дээрх үндэслэлийн дагуу дараах шаардлагыг хүргүүлж байна
Үүнд,
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд та доод шатны засаг даргатай байгуулсан гэрээг дүгнэх, хариуцлага тооцох бүрэн эрхийнхээ дагуу Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох, огцруулах.
2. Туулын хурдны зам төслийн техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн үнэлгээ ба бусад бичиг баримтыг олон нийтэд ил болгох.
3. “Туулын хурдны зам” төсөлд байгаль орчны болон санхүүгийн аудит оруулах, Сангийн яамнаас хяналт шалгалт хийх.
4. Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг Засгийн газрын хуралдаанаар авч өгч хэлэлцэх.
5. Холбогдох тогтоолын төслийг УИХ-д танилцуулах.
6. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор мэдэгдэх. Хэрэв энэхүү шаардлагын хариуг заасан хугацаанд мэдэгдэхгүй бол бид дараагийн шатны арга хэмжээнд шилжих болон гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Эдийн засагч Ц.Лут-Очир: “Жирийн замаас 10, 20 дахин үнэтэй, байгаль орчинд хортой. Туул голын эко орчныг ямар нөхцөлд оруулахыг одоо хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл нарийвчилсан зураг төсөл нь гараагүй. Энэ төсөл хэд дахин үнэ өсөж, сунжрахыг бид мэдэхгүй. 2.3 их наяд буюу 800 сая доллар зарцуулах гэж байгаа энэ мөнгөндөө багтахгүй, 4 их наяд болж сунжрах, монголчуудыг өрөнд оруулах төсөл. Байгаль орчин, эдийн засаг, Туул голын экологи, Монгол Улсын эдийн засагт хортой төсөл. Туул голын хурдны замын ажлыг маш өндөр өртөгтэй эхлүүлээд явж байгаа нь эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа. 2025 оны тавдугаар сард таван зуун тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон. Баталгаа гаргасан компани Шандунд бүртгэлтэй, худалдааны компани. Нийслэл, нийслэлийн төрийн сан хүлээн зөвшөөрч, таван зуун тэрбум төгрөг шилжүүлсэн байгаа нь төслийн ард өөрсдөө байгаа, хулгай хийж байна. Мөнгө авсан хүмүүс жагсагчид руу тролл армиар дайруулах, ялангуй эмэгтэйчүүд рүү дайрч довтлох, төрийн албан хаагчдыг дайчилж жагсагчдын гэр орон луу зуу зуугаараа дайр хэмээн үймэн самуунд турхирсан. Жагсагчдыг террорист гээд байгаа Х.Нямбаатар хорлон сүйтгэгч болчихсон явж байна” гэв.
Ой аж ахуйн инженер н.Мөнхжаргал: “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт нь дээр дунд зэргийн дүгнэлт гарсан гээд яриад байгаа. Өнгөрсөн жил цоо шинэ эрвээхэйн төрлийг Богд уул, Туул гол орчмоос шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Цоо шинэ эрвээхэйн төрөл зүйлийг Улаанбаатар хот, Туул голын эко системийн орчмоос шинжлэх ухаанд бүртгүүлчхээд байхад байгаль орчинд дунд зэргийн нөлөөлөх үнэлгээтэй гэж дүгнэлт гаргаж болохгүй. Дүгнэлт гаргасан хүмүүсийг авиалгалтай тэмцэх газар өгч шалгуулмаар байна” хэмээн яри
АШУҮИС-ийн оюутан Б.Энхболд тус жагсаалд Орбитын тойргоос өдөр бүр зорин ирдэг. Тэрээр “Хотын дарга биднийг олигархуудыг хамгаалдаг, террорист гэлээ. Миний хувьд Зайсан орчмоор амьдардаг хэнийг ч танихгүй. Орбитын тойргоос өдөр бүр зорьж ирж, үнэт зүйлийнхээ төлөө л жагсаж байгаа. Х.Нямбаатар Хууль зүйн сайд байсны хувьд хуулийг хэрхэн ашиглаж, дарангуйлагч болох вэ гэдэг бүх аргаа мэдэж байна. Ямар ч барьцаагүй 500 тэрбум төгрөг Хятадуудад өгсөн хүн нойр нь яаж хүрэх вэ дээ!” гэв.
Түүнчлэн таван хүүхдийн ээж н.Сувд-Эрдэнэ Туул голоо хамгаалахаар 11 дэх өдрөө ирээд байгаа нь энэ. Тэрээр “Ирээдүйд үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдраасай гэж хүсэж байгаа учраас "Хатан туулаа хамгаалъя" иргэдийн хөдөлгөөнд нэгджээ. Тэрээр 11 дэх өдрөө тууштай үзэл бодлоо илэрхийлэхээр ирлээ” гэсэн юм. Тэд нар шиг маш олон энгийн иргэн Туул голоо хамгаалахаар санаа зорилго, үнэт зүйлээрээ нэгдээд байна.
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлснийг нэр бүхий албан тушаалтнууд Төрийн ордны баруун хаалган дээрээс гардан авлаа. “Хатан Туулаа хамгаалъя” олон нийтийг хамарсан томоохон жагсаал бямба гарагт буюу 4-р сарын 4-ний өдөр Төв талбайд болно.








