Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр болж, хурлын эхэнд Ил уурхай, Авто тээврийн цехийн хамт олон ажлаа тайлагнан, “хангалттай сайн” үнэлгээ авлаа. Тайлангийн хурлаар үйлдвэрлэл, эдийн засаг, хүний нөөц, хөрөнгө оруулалт, ХЭМАБ болон зардал хэмнэлтийн бодит үр дүнг онцлон хэлэлцсэн юм.
Ил уурхайн дарга Д.Нямдорж, 2025 онд уулын цул гаргалт, хүдэр олборлолт, баяжуулах үйлдвэрт нийлүүлэх хүдрийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлснийг танилцууллаа. Тодруулбал, уулын цул гаргалтыг 104.7 хувь, хүдэр олборлолтыг 103.8 хувиар гүйцэтгэж, төлөвлөгөөт зардлыг 11.8 хувиар бууруулан, Ил уурхайн хэмжээнд нийт 65.2 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн байна. Өмнөх онуудтай харьцуулахад олборлолтын хэмжээ тогтвортой өссөн ч хүдрийн дундаж агуулга буурч буйг анхаарах шаардлагатайг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн, экскаватор, өрмийн машин, бульдозер зэрэг үндсэн техникүүдийг шинэчилж, ХЭМАБ-ын чиглэлээр сайн үнэлгээ авсныг тайлагнав. Тайлангийн хурлаас Ил уурхайн 2025 оны үйл ажиллагааг 90.5 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэжээ.
Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж тайландаа, 2025 онд уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 104.7 хувь, үүнээс хүдэр тээвэрлэлтийг 103.8 хувь, хөрс тээвэрлэлтийг 105.7 хувиар тус тус биелүүлснийг онцлов. Тэрбээр цехийн үйл ажиллагааны нийт зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 18.5 хувиар буюу 67.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, технологийн тээврийн нэгж өртгийг 18 гаруй хувиар бууруулсныг бодит үр дүн хэмээн тодотгосон юм. Мөн хүний нөөцийн тогтворжилт 98 хувьд хүрч, мэдлэгийн менежментийг дэмжсэн “Мэдлэг түгээх төв”-ийг байгуулан, 260 гаруй ажилтныг дотоод, гадаад сургалтад хамруулсныг дурдлаа. Хөрөнгө оруулалтын ажлын биелэлт 91.3 хувьтай гарч, хүнд даацын өөрөө буулгагч автомашинуудыг үе шаттайгаар нийлүүлж буйг тайлагнав. Үйл ажиллагааны дүнгээр Авто тээврийн цехийг 91.18 оноогоор үнэлсэн байна. Хурлын төгсгөлд ХАБЭА, байгаль орчны чиглэлээр зөрчлийг бууруулах, удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг үүрэг, даалгаврыг холбогдох хэлтэс, нэгжүүдэд өгсөн байна.





