2025 оны 4-р сарын 23-нд Европын Холбоо АНУ-ын технологийн толгой компаниуд болох "Apple" болон "Meta"-д нийтдээ 700 сая еврогийн торгууль ногдуулсан тухай мэдэгджээ.
"Apple" нь 500 сая еврогийн торгууль хүлээсэн бөгөөд үүний шалтгаан нь хөгжүүлэгчдэд "App Store"-оос гадна хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хямд үнээр санал болгох боломжийн талаар мэдээлэхийг хориглосон явдал юм. Энэ нь Европын холбооны “Digital Markets Act” хэмээх хуулийн “anti-steering” заалтыг зөрчсөн гэж Европын Комисс үзжээ. Комиссын мэдэгдэлд “Apple-ийн бодлого хэрэглэгчдийн сонголт хийх эрхийг хязгаарлаж, өрсөлдөөнийг боомилсон” гэж онцолсон байна.
"Meta" нь 200 сая еврогийн торгууль авсан бөгөөд 2023 онд Европын холбооны хэрэглэгчдэд зориулан нэвтрүүлсэн “Зөвшөөрөл эсвэл төлбөр” систем нь шүүмжлэл дагуулжээ. Энэ системийн дагуу хэрэглэгчид хувийн мэдээллээ зар сурталчилгаанд ашиглуулахыг зөвшөөрөх эсвэл сард төлбөр төлж заргүй үйлчилгээ авах хоёр сонголттой байсан нь хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хүрээнд нийцэхгүй гэж үзсэн байна. Эдгээр торгууль нь Европ-АНУ-ын дунд үүсээд буй технологийн салбар дахь харилцааг хурцатгаж болзошгүй юм.