УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл олны анхааралд байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар байр сууриа илэрхийллээ. Тэрээр гишүүдийн хариуцлагын тогтолцоог сайжруулах нь парламентын засаглалыг сулруулах биш, харин ч бэхжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Э.Батшугар гишүүн хэлэхдээ, төрийн албан хаагч болон жирийн иргэд ажлын хариуцлага алдаж, ажил тасалсан тохиолдолд ажлаасаа халагддаг нийтлэг зарчим үйлчилдэг гэдгийг онцлов. Тэрээр "Улсын Их Хурлын гишүүн гэсэн бамбайны ард давуу эрхтэйгээр хамгаалалт болж болохгүй гэсэн концепц явж байгаа" хэмээн тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид ч мөн адил ажлын хариуцлага хүлээдэг байх ёстой гэсэн байр суурьтай байна.
Парламентын засаглалыг бэхжүүлэх хөшүүрэг
Зарим гишүүдийн зүгээс "эгүүлэн татах хууль" нь парламентын тогтолцоонд эрсдэлтэй байж болзошгүй гэсэн болгоомжлолтой хандаж байгаа юм. Харин Э.Батшугар гишүүн үүнийг эсрэгээр нь харж байна.
Тэрээр "Энэ хууль нь парламентын засаглалыг харин эсрэгээр нь улам бэхжүүлж өгч байна гэж ойлгож болно. Үнэхээр улс орныхоо эрх ашгийн эсрэг явдаг, эсвэл хувийн эрх ашгаа урдаа тавьдаг гишүүд байвал эргүүлэн татдаг нь зөв. Яагаад гэвэл Улсын Их Хурал бол үндсэндээ Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг авч явдаг хариуцлагатай байгууллага" гэлээ.





