• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ

Монгол Улсын харцага, үндэсний бөхийн тайлбарлагч Т.Өсөх-Ирээдүй нь 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдлаа.


Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын өсөх идэр харцага, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй нь дэвжээн дээрх уран барилдаан, хүч чадлаараа Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд өндөрт өргөж ирсэн төдийгүй бөхийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн мэдлэг туршлагаа залуу үеийнхэнд өвлүүлэн ирсэн эрхэм дасгалжуулагч билээ.
Түүний шавь нараас Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, Аймгийн арслан М.Баяржавхлан тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой олон бөх төрөн гарч, үндэсний бөхийн дэвжээнд амжилттай барилдаж байна.
Т.Өсөх-Ирээдүй нь 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн Улсын баяр наадамд зургаа даван шөвгөрч, “Монгол Улсын Харцага” цол хүртсэн бөгөөд Монгол бөхийн өргөө болон улс орон даяар зохион байгуулагддаг олон нэрэмжит барилдаанд дунд болон их шөвөгт шалгарч, үзүүр түрүүнд үлдэн уран барилдаанаараа монгол түмний бахархал, омогшлыг төрүүлж ирсэн билээ.

Түүний дасгалжуулагчийн замнал 2004 оноос эхэлж, Сэлэнгэ аймагт “Таван хан” бөхийн дэвжээ-г санаачлан байгуулж, үндэсний бөх, самбо, жүдо бөхийн төрлөөр олон ирээдүйтэй хүүхэд, залуусыг бэлтгэн сургаж эхэлсэн юм. 2016 оноос Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хороонд үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, өнөөдрийг хүртэл олон амжилттай бөхчүүдийг сурган хүмүүжүүлэн бэлтгэсээр байна.