• Нүүр
  • Мэдээний өрөө
  • БААТАР ҮЙЛДВЭРИЙНХЭН ТҮҮХЭН АМЖИЛТААРАА БАХАРХАЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛАН АЛДАРШУУЛЛАА

БААТАР ҮЙЛДВЭРИЙНХЭН ТҮҮХЭН АМЖИЛТААРАА БАХАРХАЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛАН АЛДАРШУУЛЛАА

Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 оны шилдэг ажилтнуудаа тодруулан, алдаршуулах ёслол хүндэтгэлийн баяр өнөөдөр “Хангарди палас”-т боллоо.
 
 Ёслолын ажиллагааг нээж Ерөнхий захирал Г.Ёндон үг хэлэхдээ, Эрдэнэт үйлдвэр энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулахаар байгаа нь үйлдвэрийн түүхэн дэх дээд үзүүлэлт болохыг онцоллоо. Мөн нийт борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 их наяд төгрөгт хүрч, 693.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 1.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр байгааг дурдав. Тэрээр эдгээр амжилт нь үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж, техник технологи, хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ирсний үр дүн төдийгүй эх оронч сэтгэл, хамтын үнэт зүйл, хат суусан тэвчээрийн эзэд 7000 гаруй уурхайчдын хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн геологийн нөөцийг Олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулж, цаашид 55 жил тогтвортой ашиглах боломж бүрдсэнийг онцолсон юм. Үүнээс гадна Оюут ордын хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, 0.32 хувийн зэсийн агуулгатай 357 сая тонн хүдрийн нөөц тогтоон, зэсийн шинэ орд нээснээ албан ёсоор зарласан нь үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал болсныг дурдлаа. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 гаруй жил тогтвортой ажиллах бүрэн чадамжтай гэдгээ нотоллоо хэмээн тодотгов.
             Энэ үеэр Ерөнхий захирал уурхайчин хамт олонд олгосон нэгэн хүндтэй шагналыг танилцуулав. 2023 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөл, 2024 онд амжилтаа бататган шилдгийн шилдэг байгууллагын шагнал “Очир-Эрдэнэ”-ийн өргөмжлөл хүртэж байсан. Харин 2025 онд үйлдвэрлэл, борлуулалт, үр ашгийн үзүүлэлтээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн байгууллагуудаа дахин манлайлж, шилдгийн шилдэг хамт олноор шалгарсан байна. Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү, валютын нөөцөд томоохон хувь нэмэр оруулсан гавьяаг “Очир Эрдэнэ”-ийн цом, өргөмжлөлд сийлснийг уншиж танилцуулсан.
 
 Хөгжим дуу уянгалж, инээд гэрэл цацарсан “Хангарди палас”-т үйлдвэрийн удирдлагууд, цех нэгжийн дарга нар, хөдөлмөрийн алдартнууд, уурхайчдын төлөөлөл цуглаж, Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны 17 шилдэг ажилтныг алдаршуулан, баяр хүргэв. “2025 оны шилдгийн шилдэг ажилтан”-аар Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинч Бадрахын Алтан-Очир тодорлоо.
 
Тэрээр оны эхний 10 сарын байдлаар 2.49 сая м³ уулын цул ачиж, төлөвлөгөөт даалгаврыг 105.3 хувиар биелүүлсэн төдийгүй үйлдвэрлэлийн стратегийн ач холбогдол бүхий ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн байна.
 
 “Оны шилдэг удирдах ажилтан”-аар Баяжуулах үйлдвэрийн Механик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн дарга Лхагважавын Ууган-Эрдэнэ, “Шилдэг мэргэжилтэн”-ээр Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн Ган хайлуулагч Иванов Игорв Анатольевич, Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр, техникийн товчооны Шинэ техник, технологийн инженер Эрдэнэбатын Оюунболд, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны Тэргүүлэх эдийн засагч Цэрэнхүүгийн Оюунболор нар тодорлоо. Харин “Оны шилдэг шинийг санаачлагч”-аар Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчооны слесарь Цэрэнгийн Энхтөр, Спорт цогцолборын Сантехникийн засварчин Бавуудоржийн Одбаяр, Ган бөөрөнцгийн цехийн Механик хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин Доржийн Сайнбуян нар шалгарч, шагналаа гардсан юм. “Оны шилдэг ажилтан”-аар Засвар, угсралтын цехийн Цахилгаан ба хийн гагнуурчин Эрдэнэбатын Оюунболд, Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн Хүнд даацын машины жолооч Намширын Мягмарсүрэн, Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин Батдэлгэрийн Идэрсүрэн, “Шилдэг залуу ажилтан”-аар Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Оюуны Дөлгөөнтамир, Ил уурхайн Уулын ажил, чанар хариуцсан инженер Батболорын Тэмүгэ, Хуулийн хэлтсийн хуульч Цогтгэрэлийн Оюундарь нар тодорсон. Оны төгсгөлд шалгаруулдаг бас нэгэн хүндтэй өргөмжлөл бол А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал юм. Энэхүү шалналын эздээр Хүний нөөц, захиргааны хэлтсийн Стандарт хариуцсан Тэргүүлэх мэргэжилтэн Буукуугийн Батсүх, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Баяжуулалтын технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Пүрэвжийн Нацагдорж, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Ахлах мастер Батбаярын Энхтөр нар тодорч, шагналаа гардлаа.