Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн тогтвортой, тасралтгүй ажиллагаа нь мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хамт олноо манлайлах чадварыг хослуулж чадсан уурхайчдын хөдөлмөр дээр тогтдог. Тэдний нэг бол ЭКГ-12К №27 экскаваторын машинч, бригадын дарга Б.Алтан-Очир юм. Тэрээр 2025 онд уулын цул ачилтын төлөвлөгөөг 105.3 хувиар биелүүлж, бүтээмж, цаг ашиглалт, техникийн бэлэн байдлаараа салбартаа тэргүүлэн, сэлбэг материалын бодит хэмнэлт гаргасан шилдгийн шилдэг ажилтнаар нэрлэгдэж байна. Бид түүний ажлын арга барил, манлайлал, хамт олондоо оруулж буй бодит хувь нэмрийн талаар ярилцлаа.
-Та 2025 оны ажлын төлөвлөгөөгөө 105.3 хувиар биелүүлж, ЭКГ-12К төрлийн экскаваторууд дундаа тэргүүлсэн үзүүлэлттэй ажилласан байна. Энэ амжилтын үндэс нь юу байв?
-Миний хувьд хамгийн чухал нь ажлын зохион байгуулалт, сахилга бат, багийн ажиллагаа байдаг. Экскаваторын техникийн бэлэн байдлыг тогтмол хангаж, сул зогсолт гаргахгүй ажиллахыг зорьсон. Мөн бригадын гишүүдтэйгээ уялдаа холбоотой, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилласны үр дүнд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж чадсан.
-ЭКГ-12К экскаватороор өндөр бүтээмжтэй ажиллахад та юуг хамгийн чухалд тооцдог вэ?
-Цаг ашиглалт, техникийн бэлэн байдал хамгийн чухал. Манай экскаватор цаг ашиглалтын коэффициентоо 0.84, техникийн бэлэн байдлыг 0.89-д хүргэж ажилласан. Үүний ард тогтмол үзлэг, засвар үйлчилгээг чанартай хийх, операторын анхаарал, хариуцлага маш их нөлөөлдөг.
-Уул геологийн нөхцөл хүндэрсэн үед баруун хойд ордын 1160–1175 метрийн түвшинд ашиглалтын талбайг тэлэх ажлыг амжилттай хийсэн. Энэ ажлын ач холбогдол юу байв?
-Энэ ажил нь өндөр агуулгатай, чанарын шаардлагад нийцсэн сульфидын хүдрийг баяжуулах үйлдвэрт тасралтгүй нийлүүлэх, мөн 2026 онд ус хуримтлуулах зумпф ухах шинэ ажлын түвшнийг нээх чухал нөхцөлийг бүрдүүлсэн. Геологийн хувьд хүнд нөхцөл байсан ч баг хамт олноороо чанартай гүйцэтгэсэнд сэтгэл хангалуун байдаг.
-Та сэлбэг, материалын зарцуулалтыг бууруулж, нийт 260.9 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
-Сэлбэг бүрийг нормын дагуу зөв ашиглах, элэгдлийг байнга хянах зарчмыг баримталсан. Тухайлбал, шанаганы шүдний хувийн зарцуулалтыг 1000 м³ тутамд 0.049-өөс 0.038 болгон бууруулж, 99.3 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Мөн канатын зарцуулалтыг 4.2 кг-аас 2.94 кг болгон багасгаж, 119.1 сая төгрөгийн хэмнэлт хийсэн. Энэ бол зөвхөн миний биш, бригадын хамтын хяналт, хариуцлагын үр дүн.
-Бригадын даргын хувьд хамт олноо хэрхэн удирдаж, манлайлан ажилладаг вэ?
-Хамгийн түрүүнд өөрөө үлгэрлэж ажиллах ёстой гэж боддог. Хүмүүсийг шахах бус, ойлгуулж, хамтдаа шийдэл хайж ажиллахыг чухалчилдаг. Ингэснээр багийн уур амьсгал эерэг болж, бүтээмж дагаад нэмэгддэг.
-Бүтээмж, чанарын дугуйлангийн ажлууд бодит үр дүн өгч байна. Та энэ ажлыг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Жижиг сайжруулалт ч гэсэн бодит үр дүн авчирдаг. Экскаваторын нөөц канатыг чарганд ачих үеийн төгсгөлийг тэмдэглэх, холын нүүдлийн үед кабелын мод байрлуулах зэрэг санаачилгууд нь сул зогсолтыг багасгаж, аюулгүй ажиллагааг сайжруулсан. Ийм ажлыг бусад экскаваторуудад нэвтрүүлснээр нийт үр ашиг нэмэгдсэн.
-Та олон залуу ажилчдыг сургаж, мэргэжлийн замд нь хөтөлсөн байна. Үүнд юуг хамгийн чухалд тооцдог вэ?
-Аюулгүй ажиллагаа, ажлын зөв дадал хоёр хамгийн чухал. Залууст онол ярихаас илүү бодитоор үзүүлж, яагаад ингэж хийх ёстойг ойлгуулахыг хичээдэг. Миний шавь нараас олон шилдэг уурхайчин төрөн гарсанд багш хүний хувьд баяртай байдаг. Энэ завшааныг ашиглаад зарим шавь нарынхаа талаар товч дурдмаар байна. Миний ууган шавийг Н.Баянмөнх гэдэг. Аав нь экскаваторын машинчаар ажиллаж байсан, манай ахмад уурхайчин Т.Нямсамбуу ах. Миний аавын гарын шавь нарын нэг. Удаах шавь Г.Мөнхсүх, Б.Мөнхтөр нар уулын мастераар дэвшин ажиллаж байна. Мөн Н.Булгантамир, Б.Тэргэл нарын шавь нараа нэрлэе. Эд нараас гадна миний отгон шавь О.Цогтбаяр гэж юм юманд авьяастай мундаг залуу бий.
-Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж төр, үйлдвэрийн шагнал хүртсэн. Цаашдын зорилго, залууст өгөх таны зөвлөгөө юу вэ?
-Цаашид ч гэсэн ажлаа аюулгүй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй хийхийг зорьж байна. Залууст хэлэхэд, мэргэжлээ сайн эзэмшиж, техникээ хайрлаж, хамт олноо хүндэлж чадвал амжилт аяндаа ирдэг.
Б.Алтан-Очирын амжилт нь нэг удаагийн өндөр үзүүлэлт бус, олон жилийн тогтвортой хөдөлмөр, хариуцлагатай удирдлага, бодит хэмнэлтийн бодлого дээр тулгуурласан үр дүн юм. Тэрээр өөрийн бригад хамт олныг манлайлан ажиллаж, уулын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагаа, техникийн ашиглалтыг шинэ түвшинд хүргэж чадсан шилдэг уурхайчин билээ. Түүний хөдөлмөр зүтгэл, сурган хүмүүжүүлсэн шавь нар, үйлдвэрлэлд оруулсан бодит хувь нэмэр нь Ил уурхайн хамт олны бахархал болж, Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилтны жишиг болсоор байна.





