Пиклболын спортыг Эрдэнэт хотод нутагшуулах анхны сургалт болов

Спорт цогцолбор 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу I улиралд спортын шинэ төрлийг Эрдэнэт хотод нутагшуулах зорилгоор Монголын пиклболын холбоотой хамтран, анхан шатны сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн бүх нэгжийн нийт 45 арга зүйч хамрагдаж байна.

Пиклбол нь агаарын теннис, ширээний теннис, газрын теннисний элементүүдийг хослуулсан, нас хүйс харгалзахгүйгээр зургаагаас 100 хүртэлх насныхан хоорондоо тоглох боломжтой спорт юм. Иймээс нийтээрээ хичээллэх, өргөн хүрээнд хөгжүүлэх боломжтойгоороо онцлог.

Онцгой ур чадвар шаарддаггүй, хэрэглэл материал нь удаан эдэлгээтэй, бадминтоны талбайд тоглох боломжтой зэрэг давуу талууд нь пиклболыг энэ жил нутагшуулах шинэ спортын төрөлд сонгох гол нөхцөл болжээ. Ирэх сараас үйлдвэрийн газрын ажилчдын дунд сургалт, хичээллэлт зохион байгуулахаар төлөвлөж байгааг Спорт цогцолборын ахлах арга зүйч Э.Эрдэнэбаяр онцолсон юм.

АНУ-аас үүсэлтэй энэхүү спорт нь өнөөдөр дэлхийн 85 оронд эрчимтэй хөгжиж байна. Монгол Улсад 2017 оноос хойш хөгжиж буй пиклболын спортыг Эрдэнэт хотод танилцуулах, сургалт явуулах зорилгоор Монголын пиклболын холбооны долоон тамирчин ирж ажиллаж байна.

Пиклболын спортоор хичээллэснээр зүрх судасны үйл ажиллагаа сайжрах, хөдөлгөөний эвсэл нэмэгдэх, булчин, үе мөч бэхжихийн зэрэгцээ стресс тайлагдаж, сэтгэл санаа сэргэх, анхаарал төвлөрөл, ой тогтоолт дэмжигддэг олон талын ач холбогдолтойг Монголын пиклболын холбооны ТУЗ-ийн гишүүн Ж.Энх-Оюун мэдээлэлдээ дурдлаа.